2007-10-26

ХҮҮДЭЭ БИЧСЭН ЗАХИДАЛ~~



Хүүхэд насыг минь санагдуулсан
Хонгор хүү минь сайн байна уу?
Холын холоос санан суух аав ээж нь
Хайрлан санахын сэтгэлийн сацалаар
Хөөрхөн алаг үрийнхээ амрыг эрье!
Хүү чамдаа энэ л захиагаараа
Хүсэл тэмүүлэлтэй сурахын ерөөлийг
Хамгаас хайрт хүүдээ өргөн баръяа.
Хэлж захих сэтгэлийн элч болгож
Хүргэх энэхүү шүлэглэсэн захиагаа
Хүлээн суугаа хүүдээ дугтуйлж илгээлээ.

Булбарай хөөрхөн хүүгий минь
Балчир байсан мөч болгон нь
Бодолд минь эргэн санагдаад
Бантан зооглоод унтаад өгдөг нь
Бүүр сэтгэлд минь үлджээ.
Товор товор алхлан ирээд
Том гарын минь чигчий хурууг
Алдрайхан хүү,чиний бяцхан гар
Атгаа дүүртэл барьж дагаад явдаг нь
Саяхан л юм шиг санагдах юм.
Сар жилийн уртад хүүгээ
Санан бодож,хайрлан энхрийлээд
Солонгос улсад ажиллаж амьдрахдаа
Сэтгэл зүрх хоёртоо зураглаж явна.

Амь биенээс минь тасарсан дусалдаа
Аав нь хамгаас хайртай
Амьдралын минь галыг манах оч болсон
Алаг үрээ бүхнээс дээдэлнэ.
Амьдралын энэ түр түлхэлтэнд
Ажилаа хийгээд хөлсөө хураахдаа
Аав нь хүүгээ санан хайрлаад
Алаг үрээрээ тэнхээ авдаг юм.
Хотын сайхан гудамжаар гурвуулаа
Хөл нийлүүлэн алхаад
Жаргалтай сайхан халуун бүл
Жаргаж байгааг
Үүр шөнийн заагаар хүү минь
Үнэгчилэн зүүдэлснийг чинь аав нь мэднээ.

Эгдүүтэй байсан тэр л өдрүүдэд
Энхрий хүү чамайгаа дагуулаад
Эрхлэж наадах ясли цэцэрлэгт нь
Хүрэж өгөөд очиж авахыг
Хүсэж байсан юм шүү
Харин одоо миний хүү
Хөвгүүн болж сургуульд оржээ
Дэлхий эргэсээр хүү минь өсөхөд
Дэргэд чинь аав нь байгаагүй ч
Дэрсхэн хүү чамайгаа хөтлөн
Дүүрэн сэтгэлээр хайрлан үнэрлэхийг
Дэндүү ихээр хүсэж мөрөөдсөн.

Өөдөсхөн байсан миний хүү
Өөдөө өсөж том болжээ
Өнгөрсөн бүхнээс зураглан бодоход
Өхөөрдөм хүү минь харагдах юм
Атгахан зүрхэнд хүү минь чи
Алив бүхэнтэйгээ багтдаг болохоор
Ажил хийгээд ядарахгүй байна
Амьдралын минь ирээдүй гийж байна
Одоо миний хүү удаан хүлээхгүйг
Орчлонгын нар цацруулж хэлнэ дээ
Одоохон хүү дээрээ очих дөхсөнд
Омголон зүрх минь догдолж эхэллээ.
Алхах алхам маань эргэснийг бодвол
Амар жаргах цаг нь болжээ
Ажилаа дуусгаад очих болохоор
Аавдаа санаа бүү зовоорой.

Удаан уулзаагүй болохоор
Уртаар найраглаж захиа бичлээ
Ургаж гарсан бодолоо
Унжуулж шүлэглээд уянгалуулж бичлээ
Улам санах сэтгэлийн уяралаас
Уран үгс униар татууллаа
Удахгүй учиран золгох болохоор
Уйдан санааширч болохгүй шүү
Санасан сэтгэлээ мөрлөж бичээд
Сэтгэл сэргээд сайхан боллоо
Хайрт хүүтэйгээ уулзах мөч
Хамгаас дотно байх болно.

За,ингээд захиагаа өндөрлөе
Зөндөө ихэд боддогоо бичлээ
Замд гарсан өдөр холдоод
Золгож уулзах цаг ойртжээ.
Амь биений минь тасарсан дусалдаа
Аав нь хамгаас хайртай
Амьдралын минь галыг манах оч болсон
Алаг үрээ бүхнээс дээдэлнээ.

2006-01-23 Seoul

No comments: