2007-10-27
ААВДАА БИЧСЭН ЗАХИДАЛ~~
Харьд суугаа хүү тань
Холын хол Солонгос орноос
Хөвөн цагаан үүлсийн дээгүүр
Хүрч очих хийморьтой ерөөлийг өргөн дэвшүүлье!
Хайрт аав таныгаа санасан
Халуун сэтгэлийн гүнээс мэндчилье!
Хамаг амьдралын минь сүлд болсон
Хөгшин буурал аав Та амар байна уу?
Шиврэх энэхүү шүлгийн мөрүүдээр
Ширхэг эс болон тандаа нэвчье
Эрхэм аавдаа бичих захиагаар
Эгшиг аялгуу болон уянгалъя
Чин сэтгэлийн үгээ сонсож
Чимэг болох мөрүүд нэмээд
Чагнан суух аавынхаа сэтгэлд
Чадах чинээгээрээ бичиж явууллаа.
Намайг дулаацуулах нар энд ховорхон
Налайн сүүмийх уулс нь дүнсгэр
Нөмрөн хучих тэнгэр нь бүрхэг
Нэрлээд суух од мичид цөөхөн
Нүүдлийн шувууд буцдагийн адилаар
Нартай нэгэн өдөр гэртээ харина аа
Нэг биш хэдэн жил
Нутгийнхаа нарыг санасан
Нарлаг Монголынхоо наадмыг
Нулимс унаган дурссан
Нууцхан тандаа хэлэхэд
Нийслэл хотоо зүүдэлсээн
Тосоод авах хүнгүй
Төрөл садан үгүй
Туулах зовлон ихтэй
Тусгай бүлэгт хамаарч
Түгшүүр тээсэн амьдралтай
Төсөөлөн бодсоноос ондоо
Тэсэх тэвчээр шаардсан
Тийм л нэгэн оронд
Түвшин жаргалыг зүүдэлж
Тухгүй амьдралыг туулж байна
Аав аа! хүүдээ санаа зоволтгүй ээ
Алдаа оноотой энэ л хорвоод
Аавынхаа бийд
Амьдрал үзье дээ хүү нь
Архи ууж адаг болоод
Арчаагүй болж гэртээ харьсан нь зөндөө
Аливаа нөхцөлтэй ажлыг
Адил найзуудын хамтаар
Амрах цагаа хугаслаж
Амархан хийж сурлаа
Амьдралд таарах амттанг
Амталж шимж сурлаа
Алаг хорвоогийн өнгийг
Аанай л ялгаж сурлаа
Амьдралын минь сүлд болсон
Аав тандаа хүү нь хайртай
Амьдрал хэмээх амттанг
Асгаж үзээгүй ээ
Атга хөлсөө цуглуулаад
Асарч тойлно оо аавыгаа
Санах зүрхний угаас
Сийрэг цохилтоор ундарсан
Сэтгэл нулимс хоёроо
Саяхан хүртэл барьсаан
Хүү нь танаараа үлгэрлээд
Хүч тамир аван хөдөлмөрлөж
Хангу хүний мөсгүй чанарыг
Хайхрах зүйлгүй давах юм.
Нутгийн нарныхаа илчийг шингээсэн
Нуган биенийхээ энэ л илчээр
Харь нутгийн зэврүүн агаарыг
Халаглах юмгүй туулах юм.
Хүйтэн биш ч энд зэврүүн байна
Хангу хүний чанар
Хог юм аа ,аав аа
Харь нутгийн хүн гэж
Хараалгаж загнуулж адлуулж үзсээн
Тэглээ гээд гутарч алхсангүй
Тийм үг хэллээ гээд санаа бодсонгүй
Тэнэг ааштайд нь гайхаж явлаа
Тааруухан санаатайд нь өрөвдөж байлаа.
Мөнхөд энд байхгүйг
Мэддэг болохоороо би
Мөрөөдөл хүслээ барин зүглүүлж
Мөдхөн очиж золгохын тулд
Маш ихэд хөдөлмөрлөж байна
Хатуу бүхнийг хийж
Хатуужил гэх эрдмийг
Хүч оюунаа ашиглаад
Хичээнгүйлэн суралцаж мэдлээ
Хугацаагүй хөдөлмөрийн албанд
Хар хүн болж
Хоног алдахгүй
Хойш тавилгүй
Хугацаа бүхнийг хожиж
Хайрт буурал аавдаа
Хэзээд очиход бэлэн
Хүсэлдээ хүрч золгохын тулд
Хэцүү бүхнээс шантралгүй
Хурдан хурдан хийгээд
Хөлсөө хурааж чадлаа
Буянтай буурал тандаа
Бахархах сэтгэл төрүүлэм
Бат амьдралыг босгох
Баатар биш ч
Байгуулагч болоод
Бүтээлч Солонгос орноос
Босгох эрдмээс суралцаад
Бүр мөсөн очно оо
Бараг харих дөхсөн ч
Будаа идэж ус уугаад
Бэрх бүрийг амталж
Бэрхшээл бүхэнд шургалаад
Болхи энэ биеэ
Бүрэн төгс боловсруулж
Буурай Монгол улсаа
Бэхжүүлж хөгжүүлэхэд нэмэр
Сүлд нутгаа дээдлээд
Сайн хийморьтой явна
Сургаал үгийг тань санаад
Сайхан санаа үзүүрлэнэ
Сэрүүн өлгий нутгаа
Сэргэж нэг санана
Зүрхэн нэг аавыгаа
Зүүдэлж хононо би
Зүрхнээс ундарсан санахуй
Зүгээр ч үгүй догдлуулсаар
Судас биеэр дамжаад
Сэтгэл санаанд шингэнэм
Элэгнээс уягдсан сэтгэл
Ээдэрч зогсолгүй уяраасаар
Тархи оюунаар дамжаад
Танд надад шингэнэм.
Элдэв хөдөлмөрийн амтыг дэлгээд
Эрхэм аав тантайгаа золгоё.
Эдлэх жаргалаас өвөртлөн очоод
Энгэрээрээ тэврэлдэж учран золгоё.
Сонсгох эгшиг аялгуун мөрүүдээр
Санасан сэтгэлээ хурлуулж буулгав
Сайн сууж байхын ерөөлийг өргөж
Солонгос улсаас хүндэтгэн ёслов.
Даарах сэтгэлд минь илч нэмсэн
Даах нуруунд минь хүч нэмсэн
Давах амьдралд минь хайр нэмсэн
Дал гарсан аавдаа
Далай тэнгисийг туулан очих
Жаргалан.
2006-01-07 Seoul oн.
төрөл
захидалууд
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment