2010-06-30

Долдугаар сар

Үүрийн гэгээн жингээр дэлбээн дээр бөнжигнөсөн шүүдэр залгилж
Үзэсгэлэнт гэзгээ задгайлах шиг эрвээхий аяглан сууна
Цэцэгэн дээр суусан зөгий балга бал амтлаад
Цэнгэн нисэн одохдоо үүр луугээ тэмүүлэн ниснэ
Долдугаар сарын салхи өвсний толгой эрхлүүлж
Долгиотон найгах тал нуурын мандал шиг санагдана
Бараа тасрах газраас морьтон наашлах айсуй талд
Биеэлгээ бүжих мэт зэрэглээ найгалзан харагдана
Аавын бүлсэн айраг саахалтын газраас сэнхийж
Агь таана үнэртсэн нутагт минь хурдан морьд уягдана
Цэлмэг тэнгэрийн дор нутгийн ах нар цуглаж
Цэц мэргэнээ шалгахаар цэцэг бэлчсэн талд хурайлна
Начин шонхор дүүлэх мэт бөхчүүд дэвсээр гарахад
Наадамын өнгө долдугаар сартай нэн зохицоно
Тал нутгийг алаглуулсан цэцэг мэт аялгуут сэвгэр
Танил мэт санагдах нь цэлмэг тэнгэр дор төрсөнийх болой
Одод түгсэн шөнө цагаан цээжтэй бүсгүйн тэрлэгний хормой
Ойр ойрхон намилзах нь тэнгэрт зурсан хэн нэгний бүтээл гэлтэй.

2010-06-30

2010-01-04

***



Асар үнэтэй ганц хоромд
Ахин мэндэлсэн нахианууд
Агшин зуурт хэн нэгнийг
Догдлуулдагаа мэддэг ч
Гомдсон ганц навч
Агаарт гулсан унахдаа
Сайхан цэцэрлэгийн гудамжнаа
Цагаан цээжтэй бүсгүйг
Догдлуулахаа яахин мэдэх билээ.

2010-01-04

2010-01-03

Ахаа өмөөрч бичсэн шүлэг

Ааш аашаа
Агаар нэгэн гэртээ
Адилхан идсэн
Амьсгал нэг
Муу ах минь дээ
Муусайн найз нартайгаа
Архи уусан гэх шиг
Хэрэг төвөгт орох нь холгүй
Халамцуухан явна гэх шиг
Охид бүсгүйчүүдтэй орооцолдож
Эхнэр хүүхдээсээ сална гэх шиг
Хов живийн үгнүүд
Хол ойроос ирэх л юм
Зүрхээ таллан байж
Зан зангаа
Холиж идсэн
Зуузай нэгтээ
Муу ах минь
Ямар бурхан биш
Зурагдсан төөрөгөө
Зурж дуусах гээ л биз
Хувь тавилангийн замаас
Гажих эрх байхгүй
Амьдралаа дуустал
Уусан,эс уух хоёрт
Насаа уртасгана гэдэг
Ижил шүү дээ
Хэн бүхэн
Эцсийн эцэст
Үхэхээс хойш
Маргаашийг хараад
Юу хийхэв дээ
Өчигдрийн гэмшилээс болж
Амьдралгүй боллоо гээд
Муу ахыг минь
Бүү зэмлэ
Өдгөө аль хэдийн
Зурагдсан тавилангаа
Гүйцээхээр ядаж яваа
Бурханы дуулгавартай
Шавь юм шүү дээ
Үнэн худлын хорвоод
Үйлээ таллаж
Зулай зулайгаа
Гишгэлцэж төрсөн
Сэтгэл нэгтэй
Муу ахад минь
Бурханы ухааныг
Ойлгоход хэцүү
Эхлэл төгсгөл үгүй
Буурал хорвоо
Шударга бусаас хойш
Өнөөдөртөө талхны захтай
Хоног төөрүүлэх булантайдаа
Халуухан дарсаа балгаж
Багахан ядарсандаа
Ханаж яваа бол болоо
Муу ах минь.

2010-01-03

Чи...

Чи...
Анхилам улаан сарнай шиг
Өөртөө намайг татаж
Халуун зүрхээрээ
Xaцpaa улайлган байж
Би чамд хайртай гэж
Лугшиж хэлдэг
Чи намайг чимээгүй хайрладаг
Чи...
Хөгжмийн уянгалаг эгшиг шиг
Өөртөө намайг татаж
Хайр дурлал дүүрсэн сэтгэлээр
Харцаа гэрэлтүүлэн байж
Би чамд хайртай гэж
Нүдээрээ хэлдэг
Чи намайг чимээгүй хайрладаг


2010-01-03