2007-11-13
ЯЗГУУР СЭТГЭЛ~/бясалгал/
Сэтгэл санаа бодотоор оршихуйн учир шалтгаанаар нөхцөл үүдэж хүмүүний бодол санаа ба хэл сэтгэл хөдөлгөөнд орж үйл явдал болон гадаад ертөнц рүү тэмүүлэн гардаг.
Эндээс бүх гайхамшиг төрдөг ажаамуу.Дотоод ертөнц нь маш гүн гүнзгий бөгөөд түүнийг хоослохын аргагүй баян тансагаар оршиж,хэл сэтгэл ариун байхын язгуур үндэс болох булаг ундарч,хүмүүнийг гэгээрэлд хүргэх жим рүү хөтөлдөг.Хүмүүний хүсэл тэмүүллээс хөтлөгдөн үйл хөдөлгөөн болон үүсэж байгаа үзэгдэлийн гол хөшүүрэг нь язгуур сэтгэлд оршино.
Язгуур сэтгэл нь сав ертөнцөөс үүдэлтэй бөгөөд хүмүүний дотоод мөн чанарыг хөгжүүлэхэд хамгийн гол ундарга нь болдог.Хүмүүний энэ орчлонд ''НЭГЭН ЕРТӨНЦ''-ийг үүсгэж зөв бодол санаа,зөв гэгээн ухааралыг эрэн хайя гэвэл дотоод мөн чанар болох язгуур сэтгэлээ ариун гэгээлэг болгох хэрэгтэй.
Хорвоо ертөнцөд дуусашгүй гэгээ,давтагдашгүй гоо сайхан,хэмжээлэшгүй баялаг нь гоо сайхны шинжээр нуугдмал оршиж байдгын адилаар хүмүүн бидний дотоод ертөнцөд тийм л байдлаар гоо сайханлаг гэгээ нуугдаж байдаг.
Зуны сайхан шөнөөр тэнгэрт түгсэн оддыг ширтэж хэвтэх хичнээн сайханг,тунгалаг тэнгэрт үй түмэн болор тэмдэг хатгачихсан мэт дүр зургыг харж та бодлогширч үзсэн үү?Эндээс хорвоо ертөнцийн гоо сайхан урсаж хүмүүний сэтгэлийг хөглөмүй.
Би бодол бодож суунам
Бодотоор оршиж тод бодохыг хүснэм
Гүн цэнхэр далайн өнгө шиг
Гэгээрч ариусах шүлэгчийн дотогш бодол
Цэлмэг хөх огторгуйн гүн шиг
Цагаан дээр гунигаа үргээх шүлэгчийн гадагш бодол
Бодол бодож байнам,би
Бодох гэж толгой над заясан юм.
Бодол тархинд минь хуршиж
Бороо болоод сэтгэлд минь шингэнэм.
анх...
Эжийнхээ хэвлийд амар амгалан байж бодол төрсөн
дараа нь...
Эх газрын хөрсөн дээр хөлд орж бодол түшсэн
эцэст нь...
Төрсөн нутгийнхаа хэвлийд шим болж бодол минь үлдэх....
Бодлогширч байнам,би
Цээж дүүргээд тархинд ундарсан бодол
Цаг бусын амьдралд минь үнэнч
Уйтгарлаж суугаад бодолоо л хөврүүлнэм.
Цаг цагын аясанд цуварч ирэх гуниганд
Цэнхэр манан униартуулж бодол над руу айсуй
Өөрөө өөртөө үнэнч бодол
Өндөр оргилоос өндөр бодол хөвөрсөөр л....
Чимээгүй!
Би бодол бодож суунам
Бодотоор оршиж тод бодохыг хүснэм.
Хүмүүний сэтгэлд тунгалаг тэнгэр шиг гэгээтэй язгуур үндэс оршдог боловч тэнгэрээ чимэглэх гоо сайхангүй байлгах ёс суртахуун нь хүмүүний мөн чанарт харшлаж,нэг олдох амьдралаа нэг ч амьдраагүйтэй ижил утга болно.
Монгол хүмүүс бид нар яс чанарыг баримтлаж язгуур үндэс буюу язгуур сэтгэлийг чухалчилдагт учир байна.
Сувдан цагаан үүлэн дээр тэрийж суниагаад
Сайхан санаа үзүүрлэж сэтгэлээ цагааруулах гэсэн юм
Гарч хүрэмгүй уулын оройгоос тэнгэрийг алдлаж зогсоод
Гундсан сэтгэлээ дэлгэж дотроо сэврээх гэсэн юм
Мурилзан урсах мөрөн дээр хөвөн урсаад
Мулгуу бодолоо дэвтээж сэтгэлээ зөөллөх гэсэн юм
Хөлгүй энэ орчлонд тоос манаргаж сажлахдаа
Хүний сэтгэл өвөрлөж яс чанаржих гэсэн юмаа.
Орчлон ертөнцийн түмэн өнгө солонгорч түүнээс гоо сайханг амсан хүртэх нь гайхамшиг бүтээсэнтэй утга нэг бөгөөд өөрийгөө танисны эцсийн үр дүнд язгуур гэдэг үгний мөн чанар болон аугаа их хүчийг нь мэдэрмүй.
Язгуур сэтгэлээ зөв бодолоор цэнэглэснээр зөв замаар орж өөрийгөө танисны дараагаар орчлон ертөнцийн хамаг гоо сайхнаас хүрэлцэн амсах хичнээн сайхныг мэдэрч амьдрах нь гэгээлэг амьдралын эхлэл юм.
Эндээс оюун ухаанлаг хүмүүний амьдрал эхэлдэг ажаамуу.
Өндөр уулын оройгоос ширтэхүйд алсын бараа нэгэн цэгт уулзаж ил тод харагддагтай агаар нэгэн адил язгуур сэтгэлээ гоо сайхнаар услан тэтгэж хөгжүүлэх алхам нь амьдралаа гэгээлэгээр харах толь тань болно.
2007-4
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment