2007-11-13

НЭГЭН ЕРТӨНЦ~/бясалгал/



Энэ орчлон...эгэлгүй энэ сайхан орчлонгийн гоо сайханд татагдах төгсгөлтэй аялал маань хэзээнээс эхэлсэн юм бол оо.Сав ертөнцөд үүсэж гадаад орчлонг дээрээс харах гайхалтайяа гоо мэдрэмж,хамгийн...хамгийн...гэж дуу алдмаар аниргүй тоос үгүй ертөнцөд буй болжээ.Эрдэнэт хүмүүн болж ижийгээсээ төрөхүйд хайр намайг зөөлхөн угтаж аваад алаг үрдээ хиргүй хайраа ангир уургаараа дамжуулан амлуулсан тэр торгон мөчлөгтэй үеэс хорвоогийн гоо сайхан солонго адил ээж бид 2 ын дээгүүр татсан билээ.Амгалан аниргүйн дунд оршин ижийнхээ мөөмийг амлахуйд ижийн минь зүрхний цохилт орчлонгийн хамаг сайн сайхныг дуудах шиг бас орчлонгийн гоо сайхныг сэрээх шиг түг...түг...лугшиж байсан.Зүрхний цохилтоор аугаа их хайрын мэдрэмжийг биеэрээ амсаж буй тэр агшин аниргүйн дундах дулаахан гоо сайхан байсан бөгөөд төгсгөлтэй аяллын минь хамгийн сайхан нь байсан.Эндээс ингэж л орчлонгийн гоо сайханд соронзон адил татагдах миний аялал маань эхэлсэн юм.Эцэг эхийн хайраар хүүхэд нас минь гоо ертөнцөд сүүгээр ундаалж эргэн тойрон бүх юмс үзэгдэл хийгээд үйл хөдөлгөөн цав цагаанаар оршиж орчлонгийн бүх л гоо сайхан нартай бороо шиг над дээр асгаж байсан юм.Ижийгээс минь урссан аугаа их хайрын гоо сайхан өгүүлшгүй их бөгөөд хамгийн цагаан гоо мэдрэмж билээ

Ижийн минь сэтгэл
Энэ насныхаа жаргалаар
Эгэлгүй урсаж
Эрх үрдээ цутгадаг билээ

Орчлонгийн орон зайд намайг хүн болгосон аав ээжийнхээ ач буянг юугаар ч төлж баршгүй.
Нэг...хоёр...гурав гэж тоолохын хооронд хүүхэд нас минь өнгөрч хүн болж явах юутай богинохоныг мэдэрсэн тэр үеэс л би өөрөө өөрийгөө таньж түүгээр дамжуулан орчлон дунд далдлагдсан нуугдмал ертөнц дэх гоо сайхны эрэлд орсон юм.Энэ хорвоогийн нэгэн орон зайд явагч хүн би бээр өөрөөрөө орчлонг буй болгож нэгэн өөр давтагдашгүй сондгой өнгө болон солонгорох гэсэн бяцхан бөгөөд богинохон гоо сайхныг хайх эрэл аялалаа эхэлсэн.Энэ бол мөр гарсан зам байж болно,гэхдээ миний өөрөөрөө эгшиглэх сонголт болсон юм.

БИ
Зөөлөн гуниг болж урсана
Зуурхан уйг
Зүрхээрээ зулж
Заяа ядарч дуусахад
Зовлонгоос минь үлдэж хоцрох
Зөөлөн гуниг болж урсана
БИ
Аниргүй жаргал болж урсана
Алаг өдрүүдээ
Алгаараа элдэж
Айдас минь үргэж арилахад
Атганд үлдэж хоцрох
Аниргүй жаргал болж урсана
БИ
Зүрхэндээ зулсан гунигаа
Зол гэж
Лугшиж урсах жаргалаа
Заяа минь гэж итгэнэм

Хүн гээч нь өөрөө өөрийгөө таних явдал нь цаашид гадаад ертөнц рүү тэмүүлэх хүсэл зорилго нь нэмэгдэж байдаг байна.Хүн гэдэг нэртэй өөрийгөө таниагүй ямар олон амьтан хийгээд араатaнгууд нэгэн орон зайд багталцаж,орчлонг дүүргэдэг юм бол оо
Тэд орчлонгийн гоо сайхныг энэ богинохон өдрүүддээ мэдэхгүй явсаар нэгэн үе улирах нь юутай харамсалтайяа.Тархи хоосон хийгээд сэтгэл хоосон байх нь сохор хүнтэй ижил бөгөөд орчлонгийн гоо сайхны давтагдашгүй торгон мөчлөгүүд,сэтгэл зүйн ариун сайхныг яаж олж харахсан билээ.
Хүмүүний орчлонд өөрийн ертөнцийг буй болгож,орчлонгийн гоо сайханд хүрэлцэн амьдрах нь юутай гайхамшиг.Өглөөний наран урьд урьдаxаaсаа илүү ер бусын мандаж,болжмор шувууд шүлэг унших мэт жиргэн нисэцгээх нь шинэ өдрийн гоо сайхныг магтан зарлаад хүмүүний сэтгэлийг хаа нэг тийш хөглөн уяраах илбэ шид оршин байдаг энэ орчлонд би хүн болж төрсөн минь бахархмаараа.

2007-04-19

No comments: