2010-01-03

Ахаа өмөөрч бичсэн шүлэг

Ааш аашаа
Агаар нэгэн гэртээ
Адилхан идсэн
Амьсгал нэг
Муу ах минь дээ
Муусайн найз нартайгаа
Архи уусан гэх шиг
Хэрэг төвөгт орох нь холгүй
Халамцуухан явна гэх шиг
Охид бүсгүйчүүдтэй орооцолдож
Эхнэр хүүхдээсээ сална гэх шиг
Хов живийн үгнүүд
Хол ойроос ирэх л юм
Зүрхээ таллан байж
Зан зангаа
Холиж идсэн
Зуузай нэгтээ
Муу ах минь
Ямар бурхан биш
Зурагдсан төөрөгөө
Зурж дуусах гээ л биз
Хувь тавилангийн замаас
Гажих эрх байхгүй
Амьдралаа дуустал
Уусан,эс уух хоёрт
Насаа уртасгана гэдэг
Ижил шүү дээ
Хэн бүхэн
Эцсийн эцэст
Үхэхээс хойш
Маргаашийг хараад
Юу хийхэв дээ
Өчигдрийн гэмшилээс болж
Амьдралгүй боллоо гээд
Муу ахыг минь
Бүү зэмлэ
Өдгөө аль хэдийн
Зурагдсан тавилангаа
Гүйцээхээр ядаж яваа
Бурханы дуулгавартай
Шавь юм шүү дээ
Үнэн худлын хорвоод
Үйлээ таллаж
Зулай зулайгаа
Гишгэлцэж төрсөн
Сэтгэл нэгтэй
Муу ахад минь
Бурханы ухааныг
Ойлгоход хэцүү
Эхлэл төгсгөл үгүй
Буурал хорвоо
Шударга бусаас хойш
Өнөөдөртөө талхны захтай
Хоног төөрүүлэх булантайдаа
Халуухан дарсаа балгаж
Багахан ядарсандаа
Ханаж яваа бол болоо
Муу ах минь.

2010-01-03

1 comment:

random said...

yamar goe shuleg ve ... mash unen