2009-01-24

Учраад л өнгөрөх бүсгүйд



Урин хавар айлсаж урсгал усан урсахуйд
Удаан хүлээсэн шувууд сэтгэлд минь ганганана
Уйтгартай өдрүүдийг халж яргуй шиг хэнзэрж мэдэх
Учраад л өнгөрөх бүсгүйд сэтгэл минь хоногшино.

Зохимжит өнгөөр дэлгэрч зун цаг ирэхүйд
Зөрөөд нисэх эрвээхий сэтгэлд минь эргэлдэнэ
Зайгүй зүрхэнд минь зөрөг жим засаж чадах
Зуурхан л учирах бүсгүйд сэтгэл минь хоногшино.

Навчаар гунисан намрын халуун нар төөнөхүйд
Нуур нь эзгүйрсэн усны толионд сэтгэл минь уйтгарлана
Нулимс цийлэгнэсэн нүдийг минь шувуу шиг арчиж өгөх
Нэг л учирах бүсгүйд сэтгэл минь хоногшино.

Өнтэй өвөл зочилж уулсын оройг цасаар хучихуйд
Өвдөг даарсан хүйтэнээр сэтгэл минь жавардана
Өвөрийн халуунаар дулаацуулж өглөөний нар шиг ээх
Өнөөдөр л учирах бүсгүйд сэтгэл минь хоногшино.

2007~8

No comments: