2007-12-20

ХҮСЭХҮЙН УЧИГААР~/бясалгал/

Огторгуйд од мичид хязгааргүй,тoo тоомшгүй оршдогын адил хүмүүний ЯЗГУУР СЭТГЭЛ-ээс үндэслэн гарах сэтгэлийн үрүүд тус бүрдээ цаашлан олон салбарлан ургах учир бас чиг саглагар мод мэт ажээ.
Хүмүүний тэмүүлэн амьдрах үйлээс хүсэл мөрөөдөл буй болдог ажаамуу.Хүсэл мөрөөдөл гэдгийг огторгуйд дүүлэн нисэх тэнгэрийн шувуу гэж нэрлэмээрээ.
Тэнгэрийн тэр шувуу хаа хүртэл нисэж,хаана буух,хэр их урт зам туулж,хэр их ядрах зэрэг үйлээс үүдэж хүмүүний хүсэл зорилгын их багыг илэрхийлж болмуй.Хүмүүний дотоод мөн чанарын утга нь ЯЗГУУР СЭТГЭЛ тул түүнийг зөв ухаанаар услан тэтгэж байвал хожимоо нас бие гүйцсэн саглагар мод болон ургаж тэнгэрлиг илчлэгийг өөртөө шингээх учир аливаа хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд амар болох буй за.

Хүслийн одыг сэтгэлдээн тээгээд
Хайрт чамайгаа орхиод явсан
Аз жаргалыг эрэн бадарчлаад
Алаг үрээ үнсээд явсан

Тэр өдөр бороотой байсан
Тэнгэр хүртэл уйлж байсан

Амталж үзээгүй жаргалыг
Алган дээрээ бөмбөрүүлнэ гээд
Хайрлаж байсан цэцэгээ
Харамлахын диваажинд цэнгүүлнэ гээд
Харь нутгын чулууг бараадсан

Тэр өдөр хэцүү байсан
Газар хүртэл хатуу байсан

Гэхдээ...
Он цаг биднийг орхиод л
Оломгүй амьдралд живүүлээгүй ээ
Эрээд олох жаргалаа
Эрмэлзэх хүслээсээ шүүрдэнэ.

Тэгэхэд...
Тэр өдөр халуун байх...
Тэнгэр хүртэл цэлмэг байх...
Тэр өдөр дотно байх...
Газар хүртэл зөөлөн байх...

Хүмүүний үйлдэж буй бүх үйлс ,үйл хөдөлгөөн нь хүсэл байдаг болохоор амьдрах гэдэг энэ үйл үгний мөн чанарт хүсэл мөрөөдөл оршдог ажаамуу.Хүрэх газар хол ойроос шалтгаалж хүсэл мөрөөдлийн тэмцэл өрнөхүйд хүмүүний зовохуй өдөөгдмүй.
Үнэ төлбөргүй зүйл хүмүүний орчлонд үгүй учираас зовсны дараа жаргал айсуй нь жам ажээ.

Өлсдөггүй сэтгэл гэж байдаггүй
Сэтгэлгүй өлсгөлөн гэж байдаг
Зовлонгүй жаргал гэж байдаггүй
Жаргалгүй зовлон гэж байдаг.

Хүмүүний орчлонд хүмүүний сэтгэл зовж,жаргахын мөн чанар хүсэл мөрөөдлөөсөө шалтгаалмуй.ЯЗГУУР СЭТГЭЛ өөрөө галтай гэгээлэг байваас аливаа хүсэл мөрөөдлөөс өдөөгдөн гарах зовохуйг зүдрэхийн хэмжээнд тавьж чадах болно.Ингэж чадваас зовох хүртэл сайхан амьдралын нэгэн утга нь болж чадахаас гадна өөрийн ертөнц дэхь уран зурганд чинь холигдсон нэгэн өнгийг бүрэлдүүлэх болно гэдэгт итгээрэй!
2007-07-12

No comments: