2007-12-05

ГУНИГ ОРШИХУЙ /бясалгал/

Улиран одох цаг хугацаа намрын шувууд шиг зэллэн нисэн холдож,гагцхүү сэтгэлд минь хөнгөн гуниг сэвэлзүүлсээр сөдөө орхин одмуй.Аливаа зүйлс болон үйл хөдөлгөөнд янагшин дасахын үр хөврөлөөс гуниг үүсдэг нь энэ ажээ.
Сэтгэл,ой тойнд минь эргэн дурсагдах он жилүүд болон цаг хугацаан доторхи үйлүүд зэрэглээтэн алслан холдох эгшинд гунигыг минь сэдэрээхүйд орчлон хорвоо гунигтайяа.

Сэр сэрхийх салхинд далайн давалгаа сэрүүцэж
Сэтгэлийн мухард гуниг сэм сэмхэн ойчино.
Сэрүүцэж ханасан давалгаа эргээн давж баясахуйд
Сэтгэлийн мухараас гуниг үе үехэн сэдэрнэ.

Энэ хорвоогын бүх зүйлс,үйл хөдлөл болон тэр ч байтугай ертөнц огторгуй бүгд л гунигтай оршиж хүмүүний сэтгэлд янагшин үлдэж,сэтгэлээс үүдэх хөдлөлүүд болох гутрах,зовох,жаргах,гуних....бүр амгаланг мэдрүүлмүй.
Өнгө өнгийн холил болсон энэ хорвоо ертөнцөд хүн гээч нь хүсэж ирсэн үү?хүргэгдэж ирсэн юм уу?...ингээд л бодохоор нээг их гүнзгий санаа алдмаараа,гунил урсаж амьдрал үргэжилмүй.
Сэтгэлийн орон зай хязгааргүй огторгуй мэт ажээ.Хорвоо ертөнц дэхь бүх юмс,үйл хөдлөл болон түүний үр хөврөл бүгдээрээ цаанаа л гуниг агуулан оршсоор...Ертөнцийн бүхэл юмсын эхлэл буюу төгсгөл гунигтайяа.Би мөнх бус,мөнхийн юм гэж үгүй учираас цаг болж үйл ирвээс аливаа юмс хувиран өөрчлөгдмүй.Хүмүүний амьдралыг гуниггүйгээр төсөөлөх хэцүү,хoрoo ертөнцийн бүх юмс гунилаар урсана.Зөөлөн шиврэн шиврэх бороон дусалууд уйдааг минь нимгэлэхгүй ,харин гунигыг сэдрээдэг.
Жаргалтай сайхан байсан өдрүүд,мөч бүхнээ одоо эргэн санахуйд нээг их гуниг төрдөг ажээ.

Шиврэн орох бороотой миний сэтгэл шиврээд
Шимэн уух дарсаа барин суун гуниглахуйяа
Жаахан багын шохоорхол нүдний өмнөө зурагдаж
Жаргалтай гэнэн дурсамжууд бороотой адил шивэрнэм.
Цагын зүүний урсгал сэтгэл өвтгөмөөр хурдалж
Цагаан царайнаас илүү бүдэг инээмсэглэл чинь торохуйяа
Цайран алслах дурсамжууд чинагш үргэлжлэхгүй тасархад
Цонх угаах бороотой миний сэтгэл гунигланам.

Хорвоогын өнгө өнгийн холилоос гоо сайхныг ялган харж,тамшаалж хүртэх хичнээн сайхныг үгийн урлагаар илэрхийлэхэд бэрх ажгуу.
Гуниг бол нартай бороо орсны дараахи солонгын нэг өнгө мэтээ.ЯЗГУУР СЭТГЭЛ/өмнөх/-ээс үүдсэн хөдлөлүүд үйлийнхээ үрээр ирэх цаг хугацаа нь өөр өөр үед боловч гунигыг төрүүлдэг.
Хүмүүний оршихуйн мөн чанар болон ертөнцийн мөн чанар хоорондоо уялдаа холбоотой бөгөөд энэ бүхнийг таньсны эцэст гуниг төрөх нь зайлшгүй учир амьдрал хүртэл гунигтай.Тийм ээ амьдрал гунигтай,бас хорвоо ертөнц гунигтайяа.
Сэтгэл өөрөө тэнгэрлиг хүчин тул аливаа зүйлсд янагшин дасдаг ажээ.Янагшин дасахын үрээр мэдрэмжээрээ сэтгэл гунилыг урсгадаг.Үзэл бодол,санаа сэтгэл буруу байваас орчлон дахь гоо сайхныг олж харахгүй нь ойлгомжтой.Гуниг бол өөрөө гоо сайханлаг мөн чанарыг агуулж байдаг бөгөөд ертөнцийг гуниггүйгээр төсөөлөхийн аргагүй ажээ.
Хүмүүний төрөх,хүсэл зорилгооосоо болж зовох,оршин байхын тулд хувиран өөрчлөгдөж байдаг үзэгдэл нь сайхан боловч гунигтайяа.
Хөх-Эгшин бүлгэм
2007-6

No comments: