2009-12-26

***



Энэ сэтгэл ухаарлаар биеэ барьж
Эс бодох бодохын дунд би амьдарч байна
Энэ сэтгэл ухаарлаар биеэ барьж
Эс харах харахын дунд би амьдарч байна
Энэ сэтгэл ухаарлаар биеэ барьж
Эс сонсох сонсохын дунд би амьдарч байна
Энэ сэтгэл ухаарлаар биеэ барьж
Эс үнэрлэх үнэрлэхийн дунд би амьдарч байна
Энэ сэтгэл ухаарлаар биеэ барьж
Эс амтлах амтлахын дунд би амьдарч байна
Энэ сэтгэл ухаарлаар биеэ барьж
Эс өгүүлэх өгүүлэхийн дунд би амьдарч байна
Энэ сэтгэл ухаарлаар биеэ барьж
Эс эдлэх эдлэхийн дунд би амьдарч байна
Энэ сэтгэл ухаарлаар биеэ барьж
Эс мэдрэх мэдрэхийн дунд би амьдарч байна
Энэ сэтгэл ухаарлаар биеэ барьж
Эс тэвчих тэвчихийн дунд би амьдарч байна
Энэ сэтгэл ухаарлаар биеэ барьж
Эс хайрлах хайрлахын дунд би амьдарч байна.

2009-12-26

Шүлгийн тoвч гаргалгаа
Шаналалаас зовлон үүсдэг гэж би боддог.Сэтгэлийн зовлонг хүн өөрөө дарж чадна.Яагаад гэвэл хүн өөрөө бурхан гэж Будда хэлсэн байдаг.Өөрийн сэтгэлээс урган гарах хүсэл таашаал нь шаналал зовлонг авч ирдэг.Өөрийнхөө дотоод тэнгэрлиг хүч болох язгуур сэтгэл,ухаарлаар өөрийгөө сонсож биеэ барьж байх чадварыг сайн сурвал танд шаналал зовлон үгүй болно.Танд зовлон байлаа ч зовлон биш,зовлон үүслээ ч үүсээгүй болдог.Тэгэхлээр эс байх байхын дунд бид амьдарвал зөв амьдрал юм гэж би үзэж байна.

***

Намайг хараач ...гээд
Чамд хүсэл төрөхгүй бол
Чиний сэтгэлийг өөртөө яаж ойртуулах вэ дээ
Хуучны танил минь,чи минь,хасын царайт минь надад тун ойрхон байгаа ч
Хүсэл чинь,сэтгэл чинь надаас хол байна
Өд цагаан ,сэтгэл ариун гэгээн царайт минь
Би...ганцаараа жаргалтай байж чадахгүй
Өнгөрүүлсэн цагийн гэнэн бөгөөд гэгээн дурсамжуудыг эргэн санахуйд
Өнчирч хоцорсон сэтгэл минь гуниж,гуниад догдлов.
Аялгуут эгшиг шиг чинийхээ инээмсэглэлийг сонсоод уйлав
Хайрт минь сонсооч,энэ мод дуулж байна
Хайрлаж чадаагүй хайрын тухай
Хатаж унасан навчиснууд хөгжимдөж байна
Ийм сайхан модны дор
Ингэж сайхан суув.

2009-12-26

2009-10-22

Эцэс төгсгөлгүй...

Эцэс төгсгөлгүй...

Эцэс төгсгөлгүй эхлэл дунд би амьдарч байнам.
Эхлүүлсэн үйлс бүxэн маань өглөө болгон шинээрээ
Төгсгөл үгүй үйлс гэж байдаг бол миний амьдрал тэрээ.

Зогсошгүй цаг хугацаан дотор би амьдарч байнам
Хөхөөтэй цагны зүү цаг болгонд донгодох нь шинээрээ
Xopoм ч зогсохгүй цаг хугацаа бол миний амьдралaa...

2007-12

2009-08-19

***

Өнгөр тогтсон орчлонгийн шоронд цаг хугацааг нэхэх хүн сүрэгнүүд
Өөрсдийн сэтгэлийг баясгаж,оюун мунхаг өнгөрөөнө.
Өнгө зэрэглээ мэт аялгуу цуурай мэт амьдрал үүл мэт хоосон орон зайг бөглөж
Өнөөдөр хийсэн үйл, үл тасрах хоосон хорвоод
Түмэн хүн зон орчлонгийн жаргалыг чоно мэт булаалдан идэж
Түнэр харанхуйд дурлах жоом лугаа мэт мунхран гүйлдээд
Буруу зөвийг үл мэдэх гэнэн эрвээхий мэт аль өнгөтэй дээр нь эргэлдсээр
Бухимдсан буюу баярласан сэтгэлээ хэн нэгний зовлонтой нь хамт дугтарч орхино.
Хуучин замбуулингийн үйл хэрэг тасрах орон зайнд
Хөгшин цэнхэр дэлхий од болон сүүмийж мөнхийн үлгэрээ шивнэхэд
Хүн сүрэгнүүд жоом лугаа адил гэрэл рүү үл тэмүүлнэ.

2009-08-19

2009-07-01

Би сэтгэж байгаа учраас би байна.Декарт/гаргалгаа/

(Cogito ergo sum)-Би сэтгэж байгаа учраас би байна гэдэг энэ алдарт үгийг уншихад байгаа юмс үзэгдэлийг байгаагаар нь тусгаж ойлгох хэрэгтэй болно.Яагаад гэвэл би байгаа учраас л сэтгэж байгаа явдал.Тиймээ, тун дажгүй үгээр илэрхийлсэн боловч нэг өнцөгөөс ваартай цэцэгийг зурсан мэт санагдана.Ертөнцийн хөдөлгөөнийг нэг өнцөг булангаас харж зурна гэдэг хангалтгүй учраас-Би сэтгэж байгаа учраас би байна гэдэг энэхүү ухааны яг эсрэг ухаан бол дорнын гүн ухаан БИ-үгүй буюу зовлон эдлэж байгаа хүмүүний таван цогц хэмээх дүрс,сэрэх,хураах,үйл,мэдэх эдгээр цогцнууд нүд, чих ,хамар, хэл, биеэр гадаад ертөнц дахь бүх л юмс хөдөлгөөнөөс авагдахуун эрхтэн болж байдаг.Дорнын гүн ухаанд БИ гэдэг ухагдахуун бол сэтгэл биш зөвхөн өөрийн чинь бие махбодь болно.Би сэтгэж байгаа биш,сэтгэл сэтгэж байгаа явдал юм.Ойлгоно гэдэг нэг ухагдахуун,мэднэ гэдэг бас өөр ухагдахуун байдаг.Бясалгал хийнэ гэдэг бол тодорхой агшинд өөрийн БИ хэмээгчээс салж оюун сэтгэл хоёроо төвлөрүүлж байж сая бясалгал хийсний үр дүнд БИ хэмээх үзэлээс хэсэг хугацаанд салж байна.Ингэхлээр Би сэтгэж байгаа учраас би байна биш Сэтгэл сэтгэж байгаа учраас би байна гэсэн үзэлд орж болно.

2009-07-01

2009-06-20

***



(гадаад ахуй)
Амьдрахын хоосонг мэдсэн согтуу гуйлгачин гудамжинд зогсоно
Алив бүхнээ хайрлаач гэж хүн болгоноос гуйж биш асууж өнгөрөөнө
Цагаан гарт хэн болгон түүн рүү ярвайн харж зөрөхдөө
Цайрч хөхөрсөн харцан дахь амьдран хайрлахуйн гэгээг үл олж харна
Авагч,идэгч,шунагч,худал инээгч бүхий л хуурамч хүмүүстэн
Алдарт амаараа гурвантаа нулимж хөөрхий гуйлгачинг хараана
Амьд яваа хүмүүний сэтгэлд хүсэл хязгаар үгүй гэж орилоод өнгөрцгөөнө
Гэвч,сэтгэл хоосон болохоор хүсэл янжуурийн утаа мэт гэдгийг
Хөөрхий гуйлгачингийн харц л гагцxүү өгүүлж чадна

(дотоод ахуй)
Сайхан өнгөтэй вааранд
Хүү минь,цэцэг тарьжээ
Ургаж цэцэглээгүй мөртлөө
Үхэж гэнэ
Яагаад ургасангүй вэ?
Энэ цэцэг,ааваа
Усалаагүй байж
Энэ цэцэг
Яагаад ургасангүй вэ?хүү минь

(ертөнцийн ахуй)
Бурхан бурхандаа хайраа харамладаг замбуулинд
Дутуухан амьдрал дунд байсxийгээд л туугдах үүл мэт
Хүмүүс ямар их өрөвдөлтэй,гунигтай амьд явна вэ?
Усны урсгалд гөлийх чулуу мэт цагын эргэлтэнд элэгдэх хүмүүнд
Яаж амьд явбал үнэн амьдрахыг бурхад мянгантаа сургавч
Ялихгүй амттанд ташуурах сэтгэлээ барьж үл дийлнэ
Амьдрал өөд бадамлан асах галт сарнайн амьдрал хаа байнаа...

2009-06-01-20

2009-02-09

***

Үзэсгэлэнт харц,ялдамхан алхаа чинь
Урин цагийн эхний яргуй мэт ялгармуй
Энэ бие нас минь үйлийн үртэй,мөнх бусаа
Энэлэх сэтгэл даардаг зүрх минь шувуу мэтээ
Нууцлаг эрдэнэ шиг сэтгэлийг чинь
Бурханы тарнинаар нээж үл чадмуй
Өөрийн уйтгар гунигаа дааж ядан нисэх шувуу
Шинэ охид дэлгэрэх өвсний дэргэд яргуйг хүлээмүй

2009-02-03

Чимээ аниргүй явж одно



Наран саран ээлжлэн,хөдөлдөг бүхнийг элээсээр
Насны сүүдэр улам богиносож,нарыг улам шүтэнэ.
Чимээгүй орших хорвоо хатуу зүрхтэн,догшин бүхнийг
Чимээ аниргүй алслуулан,харанхуй он цаг руу авч одно.
Хайрын галаар харанхуйг нэвтэлж,хавсарган салхитай хорвоог
Халуун зүрхтэнгүүд хэсэгхэн хором бүлээцүүлэхэд
Ядрал цөхрөлд автсан үй түмэн царайтангууд үл мартана.
Одод гэрэлтээгүй шөнийн тэнгэрт саран ганцаараа
Орчлонгын үнэн үлгэрийг мянгатаа өгүүлэвч хүмүүст үл сонсогдоно
Үүр цайж,наран хайраа цацраахад саран гэрэлд уусан одно
Гунигт харцтангууд сарны үлгэрийг зүүд мэт ойлгосоор
Он цагийг элээж,сансар огторгуйн хаа нэгтээ явж одно.

2009-02-03

2009-01-31

***

Сэтгэл минь нэг л гунигтай байх шиг...
Бодвол тэр гуниг доголон гуниг байх...

2007 oн

2009-01-29

***

Хорвоо ертөнцийг ойлгох чинь эртдээд байна
Амар амгаланг эндээс бүү эр,оршиж байна гэдэг гуниг
Эргээд уулзах ижийн тухай зүүд зүүдэн доторхи зүүд
Энэ ертөнцийн дуу эгшиг сонсголонтой боловч замхарна
Эргэх дөрвөн цаг зөвхөн нүд алдам өнгө төгөлдөр будгийн холил
Сэтгэлийг өрдөх шүлэг чинь эцэстээ унтрана,ахуйн хоосон
Өөрөө дайжиж эзэнгүй болсон мөчид,хорвоог ойлгох болно.
Диваажингийн буудалд буухад бүү ай,цаашаа зам бий.

2009-01-27

2009-01-27

Амгалан зүүд



Дотоод сэтгэлийн дуудлага давалгаалж зүрхний эрэгт долгисхуйяа
Дорнын мөнгөн саран үүлсийн цаанаас бултайж намайг санаж байгаа
Сэтгэл хөндүүрлүүлж эрчимсэг нэгэн давалгаа зүрх алгадан цохихуйяа
Сарны улбар туяанд инээмсэглэл тодхон үжин намайгаа үгүйлж байгаа
Салхи шиг тийм хол ,ийм ойрхон шивнээ,амархан сарничих юм шиг санагдаад
Амраг чиний минь хоолой яруу дуулал шиг ойртож ийм амгалан зүүдэнд
Сэтгэлийн минь тэнгисийг туулсаар зүрхэн газарт эрэгдэнэ.

2009-01-27

2009-01-25

САНАНА...



Хол байхад нь шүлэг бичиж дуу зохиож санана
Хөдөлгөөн үйл бүхнийг нь дүрслэн зураг зурж санана
Хуучирч элэгдсэн зургыг чинь байнга харж балга гуниг залгиж санана
Өглөө сэрэх болгондоо чамайг бодож тэр өдрийг хайрлаж санана
Өнгөрсөн явдалуудаа эргэн төсөөлж жүжиг үзэх мэт гөлрөн санана
Өдөр өнгөрч шөнө болоход саранд чиний тухай ярина,бодлогширно
Өнчин сэтгэлээ захиа болгон явуулчихаад араас нь хариу горьдож санана
Хоёрхон мөр шүлэг холбочихоод түүнийгээ хос амьдрал гэж мөрөөснө
Энэ бүхэн миний хайрын хөрс гэж сэтгэлээ нөмөрч унтчихаад
Амгалан тайван нойрсож чиний үнсэлт шиг өглөөг угтаж сэрнэ.
Халуун сэтгэл,дулаахан инээмсэглэл,үүр цайх мэт царайг чинь
Өдөр өдрөөр улам их үгүйлж уйтгарын шүлэг амилуулж санана.
Хажууд байхдаа хайрласан өдрүүд дутмаг юм шиг харамсан санана
Санаан зоргоор болдоггүй хорвоод өнчин хайрыг соёолуулж санана
Сэтгэлийн зоригоор дийлддэггүй амьдралд ганцаардлын шарх амсан санана
Сархадын шидээр мөрөөсөн гунигаа хэсэг мартаж санана.
Үймрэн гуниглах үедээ дарс шимж, шүлэг тэрлэн өнгөрөөж санана
Сэтгэлийг энэлгэх сар мэт царайт хүүхний инээмсэглэл зүрх зүсэх увидастай ч
Сэтгэл зүрхнийхээ галбирийг эвдэхгүйгээр өдөр өдрөөр хайрлан санана
Чинийхээ гоо үзэсгэлэнт сэтгэл,дулаахан хайр,халуун дурлалыг чинь
Өнөөдөр л маш ихээр үгүйлэн,сэтгэл минь чам руу галын дөл мэт цоргилж байна.


2009-01-25

2009-01-24

Учраад л өнгөрөх бүсгүйд



Урин хавар айлсаж урсгал усан урсахуйд
Удаан хүлээсэн шувууд сэтгэлд минь ганганана
Уйтгартай өдрүүдийг халж яргуй шиг хэнзэрж мэдэх
Учраад л өнгөрөх бүсгүйд сэтгэл минь хоногшино.

Зохимжит өнгөөр дэлгэрч зун цаг ирэхүйд
Зөрөөд нисэх эрвээхий сэтгэлд минь эргэлдэнэ
Зайгүй зүрхэнд минь зөрөг жим засаж чадах
Зуурхан л учирах бүсгүйд сэтгэл минь хоногшино.

Навчаар гунисан намрын халуун нар төөнөхүйд
Нуур нь эзгүйрсэн усны толионд сэтгэл минь уйтгарлана
Нулимс цийлэгнэсэн нүдийг минь шувуу шиг арчиж өгөх
Нэг л учирах бүсгүйд сэтгэл минь хоногшино.

Өнтэй өвөл зочилж уулсын оройг цасаар хучихуйд
Өвдөг даарсан хүйтэнээр сэтгэл минь жавардана
Өвөрийн халуунаар дулаацуулж өглөөний нар шиг ээх
Өнөөдөр л учирах бүсгүйд сэтгэл минь хоногшино.

2007~8