2007-12-03

САРНЫ ШҮЛЭГ~



Бүүдгэр шөнө....
Урсаж дуусах дөхсөн
Лааны гэрэл
Өрөөг чадан ядан гэгээ татуулахуй...
Модон ширээ...
Монютерийн өмнө яруу найрагч
Үнэн худал,харанхуй гэгээг
Бүүдгэр шөнөтэй ярилцаж
Ертөнцийг ухан ухааран ухаарахуй...

Миний төсөөлөлд ийм нэгэн төрөгдөл шүлэг буунам.Хар худал,хар харанхуйг үнэнгээр ирлэж гэрэл цацарсан шүлэгээ тэрлэхдээ дээрхи мөрүүд шиг яг л бүүдгэр шөнөөр лааны бүдэгхээн гэрэлд сууж,магадгүй энэ бүхэнд нь саран авхай тусалдаг ч байж мэдэх,тэгээд ч өөрийн бодож бясалган байж тэрлэсэн шүлгүүдээ САРНЫ ШҮЛГҮҮД хэмээн нэрийдсэн өөртөө дэндүү ахадсан гэмээр хүсэл тэмүүлэлтэй яруу найрагч Ц.Бямбажаргалийн тэрлэсэн шүлгүүдийн тухай өөрийн төсөөлөлөө буулгая.

....Өнгө алаг хорвоогийн хөрсөнд өөрийн мөрөө таталсан
Өнгөрсөн үлдсэн мөрөн дээр минь өнгө өнгийн цэцэг
алагласан
Өчигдөр үлдээсэн мөртэйгээ өнжөөд уулзах тавилантай
Би үйлэндээ дарлагдсан, би нүүдэлээ
Зурагдсан тавилангаа хөглөж
Зүрхэн шаргал навчсын талд хаваржиж
Зөөлөн салхинд бөхийх нялх цэцэгсийн аглагт намаржиж
Зөн минь амилах гэгээн зүг рүү
Зүрхний хэмнээгээр нүүж яваа ,би нүүдэлээ

Тийм ээ тэр өөрийнхөө НҮҮДЭЛ хэмээх шүлэг шигээ нүүж яваа.Аливаа зүйлс бүгд л өөрчлөгддөг хорвоогын жам.Чулуу хүртэл байсан хэмжээнээсээ хорогдож,гөлийж мөлчийдэг шиг хүн бас хэмжээнээсээ намсаж үрчийж хорчийдог болохоор шүлэг шигээ үйлэндээ дарлагдаж,тавилангаа хөглөж,зүрхэн талд хаваржиж,цэцэгэн дунд намаржиж гэгээ татсан зүг рүү нүүж яваа найрагчаа.Бардам өнгө аястай шүлгэн дотор нь өөрийн үйлдэх үйлэндээ эзэн байгаад зогсохгүй тавилангаа хөглөж гэгээн зүг рүү нүүхдээ зүрх сэтгэлийнхээ дуудлагаар нүүж яваа харагдана.

...Алдаа хийгээд зовлонгын үзүүрт гэгээ сүүмэлзэвч
хорвоо чимээгүй оршино
Амгалан маргаашийн замыг бурхан мянгантаа сургавч
хорвоо чимээгүй оршино
Нарны доор ижийн сэтгэл ижилгүй ундравч
хорвоо чимээгүй оршино
Нүгэлийн жавраас буяны гэгээ рүү нүүдэллэх жим үе үе балравч
хорвоо чимээгүй оршино
Харин би ...Тавиланд минь юүлэгдсэн насаа чимээ болгон хөгжимдсөөр төгсөнө.

Хуурмаг бүхэн үнэнтэй арсалдаж,харанхуй гэгээтэй өрсөлдөвч эцэст нь хоосон ажээ.
Хар өнгөн дээр цагаан өнгө холиход уусаад алга болдог ч харанхуйд гал зурахад гэгээ татдаг билээ.Иймээс хорвоо чимээгүй оршино.Бас л САРНЫ ШҮЛЭГ...шиг өндөрөөс тэрлэжээ,энэ ХОРВОО ЧИМЭЭГҮЙ ОРШИНО...

Хуучин дэнлүү эцсийн удаа асах шиг тийм тод сартай би хонолоо
Хөгжимийн тайлшгүй хэлээр хүүрнэх тийм яруухан сартай би хонолоо
Хүсэлийнхээ тухай нулимсаараа бичсэн шүлэг шиг тийм өнчин сартай би хонолоо
Хорвоогийн нүгэлийг нимгэлэх шидтэй тийм гэгээхэн сартай би хонолоо...

САРНЫ ШҮЛЭГ-ийг нь уншаад доорхи хоёр мөрт төрлөө.
Уянгалаг яруухан шүлэг саранд би уншиж өглөө
Ухаан бодол минь утаа мэт хөвөрсөөр сар луу ууслаа.

Сарны шүлэгтэй яруу найрагч яруухан сартай хонохлоор хорвоогын харанхуй гэрэлтэж,өөрөө ертөнцийн тайлал болдог нууц нь юунд оршном бэ?
2007-12

No comments: