2007-11-13

ШҮЛГИЙН ТУХАЙ~/бишрэл/



Сэрчигнэн үлээх салхи сэр сэрхийж хөл доорхи өвсийг илбэхүйд сэтгэл минь хөнгөхөн салхи мэт хөвсөлзөхүй яруу найраг мэтээ.Хорвоо ертөнцийн гоо сайхан нүдэнд торогдож,чихэнд сонсогдож,үнэртэж,мэдрэгдэж,хүрэлцэхүйд сэтгэл өөрөө шүлэгч болдог буйзаа.
Хорвоогоос гоо сайхныг ялган тамшаалж хүртэх нь сансар огторгуйн энерги чиг санагдахуй шүлэгч хүн өөрөө энгийн биш нь лавтайяа.
Яруу найраг нь сэтгэлээс үүдэж бодолоос ундардаг.Өнгөөр илэрхийлбэл болор тунгалаг мэт ажээ.Сэтгэл гэдэг нь өөрөө хязгааргүй,гүн гүнзгий,огторгуй мэт оршиж тэнгэрлиг хүчинг агуулж байдаг болохоор шүлэг яруу найраг нь санаашрал,тайлал,сүүрс алдалт...зэрэг сэтгэлийн хөдлөлүүдийг агуулсан байдаг.

Бороо орсоор л...
Бодол минь надтай ханьсаад л...
Үнэндээ сэтгэл минь хонхолзоод л...
Үүгээр түүгээр явax хүмүүсийн алхааг сонжоод
Үрчийлгэж шидсэн цаас норохыг харан
Дотогшоо урсаж ядах
миний бодол надтай ханьсаад л...
Бороо орсоор л байх юм
Бодол минь надаар даажигнасаар л байх юм
Үнэндээ сэтгэл минь хонхолзоод л байх юм
Үнсээд явсан танил бүсгүйн төрх бүдгэрээд
Үрчийлгэж шидсэн цаас хатахыг харан
Дотогшоо урсаж дууссан
миний бодол дарайсаар л...
Бороо орсоор л...
хэзээ зогсохыг,мэдэхийг би үл хүснэ
Бодол минь надтай ханьсаад л...
хэдийд халихыг,хэзээч би үл хүснэ
Үнэндээ сэтгэл цадсан,миний сүүрс алдалт.

Сэтгэлийн өнгө давтагдашгүй өнгө чанарыг агуулж байдаг тул шүлэгч хүн бүр өвөрмөц ертөнцийг буй болгож чаддаг билээ.Тэрхүү ертөнц дотороо шүлэгч бээр өөрөө бодитоор оршиж байдаг бөгөөд мөн шүлэгэнд нь бусдын сэтгэлийг анагаах увидас давхар оршиж байдаг буюу.

Шүлгэн дотороо би өөрөө байдаг
Өөрийнхөө тухай шүлгээн тэрлэдэг
Шүлгэн дотор минь чи минь байдаг
Чинийхээ тухай шүлгээн тэрлэдэг
Шүлгэн дотор минь аав эжий минь байдаг
Аав эжийнхээ тухай шүлгээн тэрлэдэг
Шүлгэн дотор минь эх орон минь байдаг
Эх орныхоо тухай шүлгээн тэрлэдэг
Шүлгэн дотор минь шүлэг байдаг
Шүлгийн тухай шүлэг тэрлэдэг

Шүлэг, яруу найраг бичнэ гэдэг хүн бүрийн хийх үйлс биш боловч шүлгийн ертөнцөөр аялаж,тэндээс сэтгэлийн гайхалтайяа мэдрэмжийг олж авахуй шүлэг тэрлэсэнтэй эн дүйцэхүйз үйл болно.
Хорвоо ертөнцийн бүх зүйлс,үйл хөдөлгөөнөөс үүдэн гарах болон оршиж буй бүхнээс гоо сайхныг шүүн харан хүртэхүйд сэтгэлээ чагнаж шүлэг тэрлэх үйлс нь сайн үйлс ажээ.
Хорвоогын наран мандан жаргах мөчүүд ээлжлэн эргэлдэж,цаг хугацаа улиран холдох энэхүү эгшиндээ шүлэг уншиж,тэрлэж суухуй юутай сайхан вэ?

2007-7

No comments: