2008-12-19

***



Шороотой бага насаа
Шажигнан асах дөлөөр сольсон
Шажигнан асах дөл шиг насаа
Шиврээ бороонд нэвт цохиулсан
Шиврээ бороонд цохиулсан насаа
Шаргал наранд ээх болно.

2006-08-04

2008-12-09

Захих үг/хүүдээ/

Хорвоо дэлхий өнгөө сольсоор
Хонгор хүү минь том болжээ
Холоос санагалзах аавын сэтгэл
Хаврын салхи шиг урин болжээ.

Алаг хорвоогын муухай сайханг
Амьдралын худал үнэн,хатуу зөөлөнг
Анхалж хүүдээ хэлж сургах нь
Аав хүний сэтгэл юм.

Алс холоос хүү нь аавыгаа
Аав нь хүүгээ санагалзах өдрүүд
Ард минь хоцроод дурсамж болохыг
Алаг үр минь,чи ойлгоорой!

Амьдрал чамайг хүлээж авахдаа
Аавын гэрт тосож авахгүй!
Эмх цэгцгүй амьдрал чамайг
Эхийн сэтгэл шиг эрхлүүлэхгүй!

Эрдэм номдоо хичээнгүйлэн суралцаад
Энэ биеэ мэдлэг эрдэмээр цэнэглэж
Ээж аав,ах дүүдээ хайртай хүү нь
Эх нутагдаа эзэн нь болж төлөвшөөрэй!

Цаг үетэйгээ мөр зэрэгцээд
Цэгнэж алхаад хугацааг хожих нь
Цахим болсон энэ ертөнцөд
Цаглашгүй үнэтэйг мэдэрч алхаарай!

Зорилгодоо хүрэх чармайлтаа умартаж
Залхуурч суугаад өдөр алдахыг
Заавал мартахгүйг өөртөө сануулж
Заалттай энийг дагаж мөрдөөрэй!

Өчүүхэн зүйл дээр худал хэлж
Өөр бусдад итгэл алдах нь
Эргэж ирдэггүй итгэлт чанараа
Эрээд ч олохгүйг ойлгож яваарай!

Сэтгэл зүрхээ чөлөөтөй байлгаж
Санаа бодлоо нийтлэг болгоод
Садаа болох ичимхий гайгаас
Салах өөрчлөлтийг тууштай хийгээрэй!

Үндэс ургаж мод нахиалаад
Навч хийсэж цасанд дарагддаг шиг
Нас нэмж,үе өнгөрөөд
Нэр баларч чи мартагдахыг мэдээрэй!

Өндөр зорилго тавин төлөвлөж
Өмнө чинь зогсох залхуу маргаашыг
Өнөөдөр л ганцхан түлхэн унгаавал
Өгсөх шатаар дээшлэхийг ойлгоорой!

Нам доошоо хальтран унахуйд
Үүнээс доош ангал буйг санаж яваарай!
Өндөрөөс өндөрт авиран гарахуйд
Үүнээс илүү өндөр буйг санаж яваарай!

Ганцаардах үеүүд таарвал
Гонь бие гэж бүү гунихраарай!
Хорвоо уудам ч гэлээ
Өөрийнхөө дотроос бүү холдоорой!

Одод яагаад сансарт гэрэлтдэгийг мэдээрэй!
Орчлонд чи яах гэж ирснээ ухаарай!
Оргил яагаад уулсын сүр болдогыг мэдээрэй!
Орон зайнд бүтээгдэхүүн болдогоо чи ухаараарай!

Амьдрал гэдэг түмэн асуултын учигыг
Бусдаас асууж бүү яваарай!
Тайлагдахгүй уяа гэж байдаггүй шиг
Дотор сэтгэлээсээ хариугаа олоорой!

Өчигдөрийн үүл бүрхсэн нарыг мартвал
Нөгөөдрийн нарыг үүл бүрхсэн байх тул
Өнөөдрийн мэдэж байгаа зүйл чинь
Маргааш болоход багадна.

Алт мөнгөөр байхгүйг нөхөөд
Аз жаргалтай болдоггүй юм
Эрхэм зорилго тавин хүрснээр
Эдлэх жаргалтай болдогыг ухаараарай!

Ухаан сайт хүмүүнтэй учирваас
Уг сэтгэл бодлоос нь суралцаарай!
Ул муут хүмүүнтэй учирваас
Уг сэтгэл бодлоо эвдэрэхээс сэргийлээрэй!

Хар санаатан өнөөдөр шалбааг мэт байхад
Хүү минь,чи! гол мэт урсаарай!
Хар санаатан маргааш үер мэт аашилбал
Хүү минь,чи! далай мэт оршоорой!

Алдаж алхвал аваад урсгадаг
Амьдрал хэмээх энэ урсгал голд
Хайрт аав чинь сөрөн зогсож байна
Харин миний хүү урагш алхаарай!

Аливаа үйлсэд алдах алхам бий
Алдаа болгоны дотор амжилтын үндэс бий
Амжилт болгоны дотор аргын увидас бий
Арга болгоны дотор язгуур сэтгэл оршино.

Захих сургааль олон боловч
Зарим хэсгээс шууданлаж явууллаа
Үлдсэн сургаалиа тэврэлдэн учираад
Үлгэрлэж хүүдээ сургах болно.

2006-1~2007-12

2008-12-06

Би...


Би...
Дотоод сэтгэл минь галтай байвал
Гадаад ертөнц маань гэрэлтэйд итгэдэг.
Би...
Амьдрал хэмээх ахуйд халуун сэтгэл оршвол
Аз жаргалыг сэтгэлийн минь харц олдогт итгэдэг.
Би...
Дулаан сэтгэлээр тус бусдад хайрлавал
Сайн сайхан амьдрал удаан тогтдогт итгэдэг.
Би...
Сэтгэл сэтгэлээ нэгэн цогц болговол
Хайр хайраа хайрладагт итгэдэг.
Би...
Эгэл бүхэнд сэтгэлийнхээ дулаан харцыг өгвөл
Өнөөдрийн нар хувь тaвилaнг маань ээдэгт итгэдэг.
Би...
Хайраар хүн болж хайраа бусдад өгөх нь
Хүмүүний л хийх үйлс гэдэгт итгэдэгээ.

2006-12 сар