2008-11-23

Бурханы шавь хэмээхийн тухай/гаргалгаа/



Бурханы шавь гэдэг үгийг бид үлгэр домог,буддын ном судар,энд тэндээс олж уншиж сонсож байсан нь аль хэдийн дотно танил үг болжээ.
Бурхан гэгч байдаг уу?байвал хаана байдаг билээ гээд л олон асуултууд үргэжилдэг.Бурханд бид өөрийн гүн хүсэл мөрөөдлөө бурхандаа даатгаж залбирдаг. Дотно болон нигүүлсэнгүй их хайр, илч хүч хайрладаг хүмүүсээ Бурхантай зүйрлэж Бурхан хүн гэх мэтээр хэлдэг.Эгэл хүнээс Бурхан болсон хүмүүс ингэж хэлж байжээ."Аврал өөрт буй","Хүн болгоны дотор Бурхан болох илч бий"гэх зэргээр хэлэхдээ хүн бол өөрөө Бурхан юм гэдгийг л хэлж сургаж байсан.Хүн болгон "Бурхан" болж болох юм байна.Бурхан болохын тулд дотор язгуур сэтгэлээсээ өөрийгөө олох,бие хэл сэтгэл гурваа ариун байлгаж байж сая Бурханы зэрэгт хүрч болно.Тиймээс бид "Бурхан" болохын тулд гагцxүү үнэн сэтгэлийг баримтлаж бие хэл сэтгэл гурваа ариун байлгахын тулд суралцаж мэрийнэ гэдэг бол "Бурханы шавь" болж байгаа гэсэн үг.
"Бурханы шавь" гэдэг нь өөрөө өөрийнхөө шавь гэсэн үг ажээ.


2008-11-23

2008-11-12

Өнөөдрийг хайрла.

Өнөөдрийг хайрлаж маргаашид дурладаг бол
Өнөөдөр гунигтай байгаад маргааш баясахыг мэддэг бол
Өнөд та,аз жаргалтай хүн
Цаг болгоны үнэтэйг мэдэрвэл нэг өдрийн жаргалыг үзнэ
Өдөр өдрийн амьдралыг үзвэл нэгэн ертөнцийг бүтээнэ
Өнөөдөрөө үнэлж сурвал амьдрал гэдэг урлаг
Өнөөдөр өнгөрч маргааш болвол эргэж ирэхгүй энэ цаг хугацаанд
Хавтас нь хуучирсан шинэ дэвтэр шиг юуч бүтээгээгүй амьдрал
Харамсалаар дүүрэн угтах хувь тавилангын төгсгөл дээр
Бүү ухаарал амсаач!
Өнөөдөр гэдэг өдөр богинохон хэдхэн мөчтэйг мэдсээр
Өнгө ялдамд дурлах эрвээхий шиг эргэлдэн нисэж
Өнөөдрийг бүү орхиоч!
Зовлонтой ч бай жаргалтай ч бай энэ өдөр ганцxан удаа л тохиолдоно
Эргэж урсахгүй голын ус хөөс үлдээчихээд л урсдаг шиг
Өмчилж болдоггүй цаг хугацааны өмнө сөхрөх мөч ирэхийн цагт
Бүх юм дурсамж болон үлдсэн байх болно
Угтаа дурсамж гэдэг бол гуниг юм
Маргаашид дурлаж өнөөдрийг хайрлаж сурах хэрэгтэйг
Хамгийн дотно цаг хугацаа бол өнөөдөр гэдгийг мэддэг бол
Өнөд та,аз жаргалтай хүн.
2008-11-12

2008-11-05

Сармагчин гахай хоёр/ёгт зохиомж/

Сармагчин гахай хоёр зам зуур тааралдаж ийн ярилцаж гэнэ.
Сармагчин гахайг харангуутаа инээж урд хойно нь орж харайгаад чи яахлаараа дандаа гэм хийчихсэн юм шиг газар шагайж шиншилж явдаг юм бэ? гэж их ёжтойн аргагүй хэлэв гэнэ.
Гахай,чи харин өөрөө яахлаараа юм болгоныг сонирхож хэнхэг царайлж явдаг юм бэ? гэж сөргүүлэн асуухад,Сармагчин xэсэг инээснээ би хүн болох шинжиндээ явж байна,харин чи гэхэд Гахай санаа алдан хэсэг дуугүй байснаа ингэж ярив гэнэ.
Би урд нь хүн байсан юмаа,одоо харин ийм л төрхтэй болоод явж байна.Тэгээд л би ийм болсондоо гутраад газар шагайж явдаг болсон юмаа.Бүх юмтай сайхан хүн явлаа,эд хогшилоор баян явлаа гэж гэнэ.
Сармагчин,тэгээд чи яагаад хүн биш болсон юм бэ? гэж асуужээ.
Гахай,хүн бол хүнээрээ л байх ёстой тэрнээс биш эд зүйлсийн боол байх ёсгүй.Хүн байх их утга учиртайг одоо л өнгөрсөн хойно нь ойлгож явна даа.Хүн бол байгалийн бүтээгдэхүүн учир өвсөн тэжээлтэн байх ёстой байтал буруу ухамсарын гайгаар амьтадын мах зооглосноор хар буруу хүчийг өөртөө шингээж буруу хөгжилийн замналаар шуудран орсноор шунал тачаалын гай ихсэж нигүүлсэнгүй сэтгэл,хайрын их ундрага сэтгэлийн их галаа гээснээс ийнхүү би гахай биенд шингэсэн юм.Хүнд оюун ухаан тэнгэр мэт хэрэгтэй ч сэтгэл газар мэт түшиг тулгууртайг мартсаны үйл лайгаар ийм боловоо гэж гэнэ.
Сармагчин,аан тэгвэл чиний маргааш дуусаж байгаа юм байна,миний маргаашууд зөндөө байна гээд гахайг харж байснаа чамд хүнээс үлдсэн зүйл гэвэл наад гүзээ чинь байна даа гэж хэлчихээд хөгтэйн аргагүй инээсээр яваад өгч гэнэ.
Сармагчингаас гахай руу хувирах хувиралт хичнээн болохыг бүү мэд дээ.

2008-11-05

2008-11-01

***

Нүдээ аниад харахад тэнгэр онгойж гэрэлтээд
Нулимсан хайр гэмшилтэй бөгөөд ухааралтай
Чихээ таглаад чимээ анирдахад ертөнцийн дуу
Чимэгтэй бөгөөд чийртэй ажээ.

2008-11-01