2007-12-24

***

Чиний сэтгэл миний дотор амьдарч
Чин зүрхэнд минь сувд болон оршиж байна.
Амьдрал хэмээх энэ хөлгүй далайд
Алсыг зорихдоо жижигхэн завь хөлөглөн
Залуур нь болж явахад
Урам хайрласан хүчээр cэлүүр нь болж явсан
Чиний итгэл бидний итгэл байсан
Алдаж онох хорвоогийн гүн далайн ёроол руу
Аз жаргалыг хайн шумбан ороход
Сувдаан бусдаас харамласан хясаа мэт
Чиний сэтгэл миний дотор амьдарч
Чин зүрхэнд минь сувд болон оршиж байна.

2007-12

2007-12-20

***



Дасаж ойртож болохгүй
Дэндүү хол орших хайранд
Сэтгэл минь даашинз мэт дэрвэxүй

Хязгаар үгүй зайнд oрших
Харц гялалзуулах одонд
Сэтгэл минь мэлc мэлc нaмилзaнa.
2007-12

ХҮСЭХҮЙН УЧИГААР~/бясалгал/

Огторгуйд од мичид хязгааргүй,тoo тоомшгүй оршдогын адил хүмүүний ЯЗГУУР СЭТГЭЛ-ээс үндэслэн гарах сэтгэлийн үрүүд тус бүрдээ цаашлан олон салбарлан ургах учир бас чиг саглагар мод мэт ажээ.
Хүмүүний тэмүүлэн амьдрах үйлээс хүсэл мөрөөдөл буй болдог ажаамуу.Хүсэл мөрөөдөл гэдгийг огторгуйд дүүлэн нисэх тэнгэрийн шувуу гэж нэрлэмээрээ.
Тэнгэрийн тэр шувуу хаа хүртэл нисэж,хаана буух,хэр их урт зам туулж,хэр их ядрах зэрэг үйлээс үүдэж хүмүүний хүсэл зорилгын их багыг илэрхийлж болмуй.Хүмүүний дотоод мөн чанарын утга нь ЯЗГУУР СЭТГЭЛ тул түүнийг зөв ухаанаар услан тэтгэж байвал хожимоо нас бие гүйцсэн саглагар мод болон ургаж тэнгэрлиг илчлэгийг өөртөө шингээх учир аливаа хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд амар болох буй за.

Хүслийн одыг сэтгэлдээн тээгээд
Хайрт чамайгаа орхиод явсан
Аз жаргалыг эрэн бадарчлаад
Алаг үрээ үнсээд явсан

Тэр өдөр бороотой байсан
Тэнгэр хүртэл уйлж байсан

Амталж үзээгүй жаргалыг
Алган дээрээ бөмбөрүүлнэ гээд
Хайрлаж байсан цэцэгээ
Харамлахын диваажинд цэнгүүлнэ гээд
Харь нутгын чулууг бараадсан

Тэр өдөр хэцүү байсан
Газар хүртэл хатуу байсан

Гэхдээ...
Он цаг биднийг орхиод л
Оломгүй амьдралд живүүлээгүй ээ
Эрээд олох жаргалаа
Эрмэлзэх хүслээсээ шүүрдэнэ.

Тэгэхэд...
Тэр өдөр халуун байх...
Тэнгэр хүртэл цэлмэг байх...
Тэр өдөр дотно байх...
Газар хүртэл зөөлөн байх...

Хүмүүний үйлдэж буй бүх үйлс ,үйл хөдөлгөөн нь хүсэл байдаг болохоор амьдрах гэдэг энэ үйл үгний мөн чанарт хүсэл мөрөөдөл оршдог ажаамуу.Хүрэх газар хол ойроос шалтгаалж хүсэл мөрөөдлийн тэмцэл өрнөхүйд хүмүүний зовохуй өдөөгдмүй.
Үнэ төлбөргүй зүйл хүмүүний орчлонд үгүй учираас зовсны дараа жаргал айсуй нь жам ажээ.

Өлсдөггүй сэтгэл гэж байдаггүй
Сэтгэлгүй өлсгөлөн гэж байдаг
Зовлонгүй жаргал гэж байдаггүй
Жаргалгүй зовлон гэж байдаг.

Хүмүүний орчлонд хүмүүний сэтгэл зовж,жаргахын мөн чанар хүсэл мөрөөдлөөсөө шалтгаалмуй.ЯЗГУУР СЭТГЭЛ өөрөө галтай гэгээлэг байваас аливаа хүсэл мөрөөдлөөс өдөөгдөн гарах зовохуйг зүдрэхийн хэмжээнд тавьж чадах болно.Ингэж чадваас зовох хүртэл сайхан амьдралын нэгэн утга нь болж чадахаас гадна өөрийн ертөнц дэхь уран зурганд чинь холигдсон нэгэн өнгийг бүрэлдүүлэх болно гэдэгт итгээрэй!
2007-07-12

***

Сайхан амьдралын минь гэгээтэй өдрүүдийг санагалзуулж
Салхивчаар орох нарны илчлэг намайг дулаацуулахуйд
Сүү үнэртүүлсээр хүү минь мөлхсөөр угтан ирэх нь
Сэргээх илч агуулсан дулаахан санахуйяа.

Балчирхан зөн совингоороо чихэртэй аав ирэхийг мэдэрч
Багтаж ядсан хөөрлөөрөө сүүн сэтгэлээ баясгахуйд
Бараан амьдралын зурааснаас гэгээтэй гэр лүүгээ яарах нь
Бахдах агаар оршсон хайрлан санахуйяа.
2007-03-16

2007-12-13

Эцэс төгсгөлгүй...

Эцэс төгсгөлгүй эхлэл дунд би амьдарч байнам.
Эхлүүлсэн үйлс бүxэн маань өглөө болгон шинээрээ
Төгсгөл үгүй үйлс гэж байдаг бол миний амьдрал тэрээ.

Зогсошгүй цаг хугацаан дотор би амьдарч байнам
Хөхөөтэй цагны зүү цаг болгонд донгодох нь шинээрээ
Xopoм ч зогсохгүй цаг хугацаа бол миний амьдралaa...

2007-12

2007-12-09

Чам шиг...



Шувуудаа үгүйлэх нуурын мандал толиодож
Ширтэн үгүйлэх харцыг нулимсаар минь цийлэгнүүлдэг
Чам шиг сэтгэл хаана байна бэ?
Өр зүрхэнд минь наран хиртэхэд
Өдрийн уртад инээмсэглэлээрээ нар болдог
Чам шиг сэтгэл хаана байна бэ?
Дуу болгоны дахилтанд түрлэг болдог шиг
Дэнхэл донхол аялахад урам минь болдог
Чам шиг сэтгэл хаана байна бэ?
Хаврын улирал намраар улиран солигдовч
Хуучин шүлэг шиг шинээрээ л байдаг
Чам шиг сэтгэл хаана байна бэ?
Сар наран ээлжлэн эргэлдэвч
Зуун жилийг нэг л өдөр шиг элээх
Чам шиг сэтгэл надад байна.
2007-12

Цас минь будар~



Өглөө сэрээд цонхоор харлаа
Өнгө шаргалтсан газрыг цас даржээ
Хуучирч байсан гунигийг минь
Хөвөн цагаахан цас шинэ өдрөөр сольжээ
Хүмүүсийн холихдог засмал замыг
Хөлийн мөргүй цас ариуханаар даржээ
Цонхны цаанаас гудамжыг тольдоход
Цэлгэр өдрүүд өмнө минь ирсэн юм шиг
Цэлийлээ сэтгэл минь...
Хуучин бүхнийг арилгах гэж орсон цас
Худал бүхнийг ариутгах гэж ирсэн юм шиг
Нэвсийлээ цас...цэлийлээ сэтгэл минь...
Цас минь будар,сэтгэл минь тэний.
2007-12

2007-12-05

ГУНИГ ОРШИХУЙ /бясалгал/

Улиран одох цаг хугацаа намрын шувууд шиг зэллэн нисэн холдож,гагцхүү сэтгэлд минь хөнгөн гуниг сэвэлзүүлсээр сөдөө орхин одмуй.Аливаа зүйлс болон үйл хөдөлгөөнд янагшин дасахын үр хөврөлөөс гуниг үүсдэг нь энэ ажээ.
Сэтгэл,ой тойнд минь эргэн дурсагдах он жилүүд болон цаг хугацаан доторхи үйлүүд зэрэглээтэн алслан холдох эгшинд гунигыг минь сэдэрээхүйд орчлон хорвоо гунигтайяа.

Сэр сэрхийх салхинд далайн давалгаа сэрүүцэж
Сэтгэлийн мухард гуниг сэм сэмхэн ойчино.
Сэрүүцэж ханасан давалгаа эргээн давж баясахуйд
Сэтгэлийн мухараас гуниг үе үехэн сэдэрнэ.

Энэ хорвоогын бүх зүйлс,үйл хөдлөл болон тэр ч байтугай ертөнц огторгуй бүгд л гунигтай оршиж хүмүүний сэтгэлд янагшин үлдэж,сэтгэлээс үүдэх хөдлөлүүд болох гутрах,зовох,жаргах,гуних....бүр амгаланг мэдрүүлмүй.
Өнгө өнгийн холил болсон энэ хорвоо ертөнцөд хүн гээч нь хүсэж ирсэн үү?хүргэгдэж ирсэн юм уу?...ингээд л бодохоор нээг их гүнзгий санаа алдмаараа,гунил урсаж амьдрал үргэжилмүй.
Сэтгэлийн орон зай хязгааргүй огторгуй мэт ажээ.Хорвоо ертөнц дэхь бүх юмс,үйл хөдлөл болон түүний үр хөврөл бүгдээрээ цаанаа л гуниг агуулан оршсоор...Ертөнцийн бүхэл юмсын эхлэл буюу төгсгөл гунигтайяа.Би мөнх бус,мөнхийн юм гэж үгүй учираас цаг болж үйл ирвээс аливаа юмс хувиран өөрчлөгдмүй.Хүмүүний амьдралыг гуниггүйгээр төсөөлөх хэцүү,хoрoo ертөнцийн бүх юмс гунилаар урсана.Зөөлөн шиврэн шиврэх бороон дусалууд уйдааг минь нимгэлэхгүй ,харин гунигыг сэдрээдэг.
Жаргалтай сайхан байсан өдрүүд,мөч бүхнээ одоо эргэн санахуйд нээг их гуниг төрдөг ажээ.

Шиврэн орох бороотой миний сэтгэл шиврээд
Шимэн уух дарсаа барин суун гуниглахуйяа
Жаахан багын шохоорхол нүдний өмнөө зурагдаж
Жаргалтай гэнэн дурсамжууд бороотой адил шивэрнэм.
Цагын зүүний урсгал сэтгэл өвтгөмөөр хурдалж
Цагаан царайнаас илүү бүдэг инээмсэглэл чинь торохуйяа
Цайран алслах дурсамжууд чинагш үргэлжлэхгүй тасархад
Цонх угаах бороотой миний сэтгэл гунигланам.

Хорвоогын өнгө өнгийн холилоос гоо сайхныг ялган харж,тамшаалж хүртэх хичнээн сайхныг үгийн урлагаар илэрхийлэхэд бэрх ажгуу.
Гуниг бол нартай бороо орсны дараахи солонгын нэг өнгө мэтээ.ЯЗГУУР СЭТГЭЛ/өмнөх/-ээс үүдсэн хөдлөлүүд үйлийнхээ үрээр ирэх цаг хугацаа нь өөр өөр үед боловч гунигыг төрүүлдэг.
Хүмүүний оршихуйн мөн чанар болон ертөнцийн мөн чанар хоорондоо уялдаа холбоотой бөгөөд энэ бүхнийг таньсны эцэст гуниг төрөх нь зайлшгүй учир амьдрал хүртэл гунигтай.Тийм ээ амьдрал гунигтай,бас хорвоо ертөнц гунигтайяа.
Сэтгэл өөрөө тэнгэрлиг хүчин тул аливаа зүйлсд янагшин дасдаг ажээ.Янагшин дасахын үрээр мэдрэмжээрээ сэтгэл гунилыг урсгадаг.Үзэл бодол,санаа сэтгэл буруу байваас орчлон дахь гоо сайхныг олж харахгүй нь ойлгомжтой.Гуниг бол өөрөө гоо сайханлаг мөн чанарыг агуулж байдаг бөгөөд ертөнцийг гуниггүйгээр төсөөлөхийн аргагүй ажээ.
Хүмүүний төрөх,хүсэл зорилгооосоо болж зовох,оршин байхын тулд хувиран өөрчлөгдөж байдаг үзэгдэл нь сайхан боловч гунигтайяа.
Хөх-Эгшин бүлгэм
2007-6

2007-12-04

Би...нулимс чинь болон дуслая!



Бараан үүлс хурж
Бүжин зүрх чинь хярcaн
Бүрзгэр өдрүүд ирэxэд
Айдаc xypгacaн цээжинд чинь
Би...зүрх чинь болон цохилъё!

Сэтгэл чинь туйлдаж
Сэмхэн унах навч мэт
Сэмэрч байхад чинь
Бүүдгэр зовлонг хугаслаж
Би...нулимс чинь болон дуслая!
2007-12

2007-12-03

САРНЫ ШҮЛЭГ~



Бүүдгэр шөнө....
Урсаж дуусах дөхсөн
Лааны гэрэл
Өрөөг чадан ядан гэгээ татуулахуй...
Модон ширээ...
Монютерийн өмнө яруу найрагч
Үнэн худал,харанхуй гэгээг
Бүүдгэр шөнөтэй ярилцаж
Ертөнцийг ухан ухааран ухаарахуй...

Миний төсөөлөлд ийм нэгэн төрөгдөл шүлэг буунам.Хар худал,хар харанхуйг үнэнгээр ирлэж гэрэл цацарсан шүлэгээ тэрлэхдээ дээрхи мөрүүд шиг яг л бүүдгэр шөнөөр лааны бүдэгхээн гэрэлд сууж,магадгүй энэ бүхэнд нь саран авхай тусалдаг ч байж мэдэх,тэгээд ч өөрийн бодож бясалган байж тэрлэсэн шүлгүүдээ САРНЫ ШҮЛГҮҮД хэмээн нэрийдсэн өөртөө дэндүү ахадсан гэмээр хүсэл тэмүүлэлтэй яруу найрагч Ц.Бямбажаргалийн тэрлэсэн шүлгүүдийн тухай өөрийн төсөөлөлөө буулгая.

....Өнгө алаг хорвоогийн хөрсөнд өөрийн мөрөө таталсан
Өнгөрсөн үлдсэн мөрөн дээр минь өнгө өнгийн цэцэг
алагласан
Өчигдөр үлдээсэн мөртэйгээ өнжөөд уулзах тавилантай
Би үйлэндээ дарлагдсан, би нүүдэлээ
Зурагдсан тавилангаа хөглөж
Зүрхэн шаргал навчсын талд хаваржиж
Зөөлөн салхинд бөхийх нялх цэцэгсийн аглагт намаржиж
Зөн минь амилах гэгээн зүг рүү
Зүрхний хэмнээгээр нүүж яваа ,би нүүдэлээ

Тийм ээ тэр өөрийнхөө НҮҮДЭЛ хэмээх шүлэг шигээ нүүж яваа.Аливаа зүйлс бүгд л өөрчлөгддөг хорвоогын жам.Чулуу хүртэл байсан хэмжээнээсээ хорогдож,гөлийж мөлчийдэг шиг хүн бас хэмжээнээсээ намсаж үрчийж хорчийдог болохоор шүлэг шигээ үйлэндээ дарлагдаж,тавилангаа хөглөж,зүрхэн талд хаваржиж,цэцэгэн дунд намаржиж гэгээ татсан зүг рүү нүүж яваа найрагчаа.Бардам өнгө аястай шүлгэн дотор нь өөрийн үйлдэх үйлэндээ эзэн байгаад зогсохгүй тавилангаа хөглөж гэгээн зүг рүү нүүхдээ зүрх сэтгэлийнхээ дуудлагаар нүүж яваа харагдана.

...Алдаа хийгээд зовлонгын үзүүрт гэгээ сүүмэлзэвч
хорвоо чимээгүй оршино
Амгалан маргаашийн замыг бурхан мянгантаа сургавч
хорвоо чимээгүй оршино
Нарны доор ижийн сэтгэл ижилгүй ундравч
хорвоо чимээгүй оршино
Нүгэлийн жавраас буяны гэгээ рүү нүүдэллэх жим үе үе балравч
хорвоо чимээгүй оршино
Харин би ...Тавиланд минь юүлэгдсэн насаа чимээ болгон хөгжимдсөөр төгсөнө.

Хуурмаг бүхэн үнэнтэй арсалдаж,харанхуй гэгээтэй өрсөлдөвч эцэст нь хоосон ажээ.
Хар өнгөн дээр цагаан өнгө холиход уусаад алга болдог ч харанхуйд гал зурахад гэгээ татдаг билээ.Иймээс хорвоо чимээгүй оршино.Бас л САРНЫ ШҮЛЭГ...шиг өндөрөөс тэрлэжээ,энэ ХОРВОО ЧИМЭЭГҮЙ ОРШИНО...

Хуучин дэнлүү эцсийн удаа асах шиг тийм тод сартай би хонолоо
Хөгжимийн тайлшгүй хэлээр хүүрнэх тийм яруухан сартай би хонолоо
Хүсэлийнхээ тухай нулимсаараа бичсэн шүлэг шиг тийм өнчин сартай би хонолоо
Хорвоогийн нүгэлийг нимгэлэх шидтэй тийм гэгээхэн сартай би хонолоо...

САРНЫ ШҮЛЭГ-ийг нь уншаад доорхи хоёр мөрт төрлөө.
Уянгалаг яруухан шүлэг саранд би уншиж өглөө
Ухаан бодол минь утаа мэт хөвөрсөөр сар луу ууслаа.

Сарны шүлэгтэй яруу найрагч яруухан сартай хонохлоор хорвоогын харанхуй гэрэлтэж,өөрөө ертөнцийн тайлал болдог нууц нь юунд оршном бэ?
2007-12

***

Гол мөрөн тэнгисийг далай болгох гэж урсдаг юм
Гэтлэх зовлон хүслийг суварга босгох гэж хясдаг юм
Уул толгод алсыг овоондоо багтаах гэж оршдог юм
Учирах зовлон хүмүүнийг хүн болгох гэж зүдэрдэг юм.
2007-12

2007-12-01

***



Шаргал навчисаараа сэтгэлд минь хөглөрсөн намар
Шижирлэг гунигийг зүрхэн толионд зурчихаад
Ширхэг ширхэгээр нэвсийн унах цаснаар
Шинэхэн дурсамжаар гунигийг минь бүдгэрүүлэх хэрэг юун.
2007-11