2007-11-29

ЦЭЦЭГ~~



/Ханьдаа зориулав/

Зүрхэндээ би цэцэг тарьсан
Зүйрлэж өгүүлэхийн аргагүй
Зүлэг зулан ургуулж
Заяагаа гоёх цэцэг тарьсан
Харанхуйгаас холхон гэгээ бараадуулж
Хүйтэнээс зайтай халуухан зүрхэндээ
Хайрын усаар усалж
Хувь тавилангаа гоёх цэцэг тарьсан
Хар үгэнд амархан гоморхдог
Хатуу үйлэнд өнгө нь гандаггүй
Бие сэтгэлийг минь үүрд гоёх
Байгалаас заяасан эгэл цэцэг тарьсан.
2007-11

Амьдрана гэдэг...

Эрч хүчээрээ амьдралаа тордох нь өөртөө өгөх шагнал юм./хүүдээ зориулав/

Амьдрал гэдэг уртхан
Алхамын зайтай богинохон
Аавын гэрт байхдаа
Агаар цэвэр тунгалаг
Амин зүрх сэтгэл
Амгалан тайван аниргүй...
Аавын дайтай болоход
Амьдралын харгуйгаар бадарчилна
Алинаар нь явахаа мэдэхгүй
Зөрөг жимүүд зөндөө.
Заяа ядрах үеүүдэд
Зовлон чамтай нөхөрлөнө
Зүүдэлтэй тэнгэрийн дор
Амьдрана гэдэг...уртаа
Алхамын зайнд байдаг
Амьдрал гэж бас буй
Анивчихын төдийд өнгөрчихдөг
Аз жаргал гэж бас буй
Заяа түших үеүүдэд
Жаргал чамайг ивээнэ
Зүүдэлгүй тэнгэрийн дор
Амьдрана гэдэг...богинохон.
2006-10

2007-11-18

БИ~~

би~~~
Ээжийнхээ энгэрээс гийсэн сүүн цацалхан байсан
Элэг зүрхээрээ холбогдсон хүйн амьтай байсан
би~~~
Аавынхаа яснаас нимгэлсэн дусал тамирхан байсан
Алаг зүрхнээс нь цохилсон цаашдын лугшилт байсан
би~~~
Дэгдэж харайсан туулайн гэнэхэн харц байсан
Дүрэлзэн асах дөлний цэнхэр туяа байсан
би~~~
Талын онгодыг эзэрхэгсэн сэрүүн салхи байсан
Танхил бүсгүйн хайранд уянгын бадаг байсан
би~~~
Худал хуурмагын салхинд хатаагүй эсхэн байсан
Хүний сэтгэл өвөрлөсөн жинхэнэ яс байсан
би~~~
Эргэх хорвоо ертөнцдөө янагшин дассан сэтгэл байсан
Ээжийн хайранд угаагдсан сүүн цагаан дусал байсан
би~~~
Шувууны тэмүүлэн туулах замын дэвэлт байсан
Шүлгээр бүтээгдсэн ухаарлын утга учир байсан

би~~~
Ганцхан туулаад өнгөрөх амьдралын харгуйд ''ХҮН''байхсан
Ганхуулж бүдчүүлсэн шуурганд цуцашгүй ''НЭГЭН''байхсан
би~~~
Галав юүлэхэд харвах одны зурвасхан гал байхсан
Газартаа эргэж дэлгэрэх вансэмбэрүү цэцэг байхсан
би~~~
Бурхан гуйсан ч харамлахаар нутгынхаа ''ЗЭВ'' болж явсан
Билэгт өвөг дээдсийнхээ хойчын ''ИЛД'' байхсан.
2006-07-03 Сөүл

2007-11-17

***



Сэтгэлийн нарийн зурвас руу яруу эгшиглэн урсаад
Сэргэж ядах биенд минь нэгэн чавхдас хөглөгдөхөд
Бодол санааг минь эргүүлэх униар татуулсан байна
Бүсгүй чиний уянганд сэргээх увидас байлаа.
2006-4-11

ЧИ~



Эгэл чиний араншин эгдүүтэй бөгөөд зөрүүд
Эелдэг чиний хайр хурц бөгөөд уян
Танхил чиний төрх энгийн бөгөөд тод
Туяхан чиний сэтгэл уяхан бөгөөд хатуу
2000он

Дөрвөн мөртүүд~~



Анхалж чамайгаа хараад
Алдрах сэтгэлээ бариагүй ээ
Андуурч чамайгаа таниагүйдээ
Атга зүрх минь догдолсон.
* * *
Булиглах сэтгэлийн хайрын дуудлагаар
Бусдаас түрүүлж онцолж дурлаад
Баялаг дурлалаар зүрх минь шархтахад
Бурханаас чамайг надад өгсөн.
* * *
Дэнсрэх дурлалыг минь
Дэлгэр зунтай хослуулаад
Дэндүү төрсөн чи минь
Дэлбээлүүлж өгсөөн,хайрыг минь
* * *
Ее сайхан чиний харцанд дальдраад
Ее гоо төрсөн чиний өмнө сөхөрнөм
Ее гэнэн чиний хайрын үгсэнд сүвлүүлж
Ее булбарай чиний уяхан биенд шингэнэм.
* * *
Саруул хорвоод солонгорох цэцэг шиг
Сайхан чи бүхнээс өнгөлөг юм
Сэвэлзэх дурлалыг чи минь өдөөж
Сэтгэлд минь нэг л дотно юм.
* * *
Налайн дүнсийх уулс минь
Нөмөрлөн ээгээд таатай даа
Насны түшигтэй хань минь
Намайгаа хайрлаад жаргалтай даа.
* * *
Төгс гэгээн соёолох дурлалаа
Та миний сэтгэлд тарихад
Танхил чиний түгээх хайрыг
Тогтож хүртэх нь юутай сайхан.
* * *
Сэвэлзүүр салхины илбээнд
Сэтгэл нэг л дэнсрээд
Сэрүүн агаарын жихүүдэсэнд
Санагдаад байна даа,чи
* * *
Түлхэх татах энэ л амьдралыг
Туулан дотносох ханьтай хүн дээ,би
Тэнхээ сульдаад тэргүүн бууралтахад
Тэвэрч тойлох үртэй хүн дээ,би
* * *
Чин сэтгэлийн үгээ
Чимэглэж нэг бичихсэн
Чулуу болох шүлэгээ
Чангаруулж нэг бичихсэн.
* * *
Шиврэн орох бороон дуслаар
Шимшрэх чинийхээ сэтгэлд
Шүлэг найрагын бадагтай
Шим болон нэвчье.
* * *
Алдаж алхвал аваад урсгадаг
Амьдрал хэмээх энэ урсгал голд
Хатуужил үзсэн нь сөрж зогсдог юм
Харин цөөхөн нь урагш алхдаг юм.
* * *
Ариун хөдөлмөрөөрөө хөлсөө урсгаад
Алгаа дүүргэж ачыг тань хариулъяа
Амьдралын төлөө сөхөрч үзээгүй
Аавынхаа ачыг хүү нь хариулъяа.
* * *
2006-5

***



Монгол гуталаараа дэлхийн талыг
Мөрөөрөө тамгалсан хөх цэрэг
Тэнгис их далайн эрэгт тулсан
Туургат Монголийн морьт цэрэг
2006-5
Хөх-эгшин бүлгэм

ЧИ~


Тод чиний төрх сэтгэлд минь бүдэгхэн дөл
Танхилхан чиний бие харцанд минь балчирхан хүүхэд
Эгэл чиний араншин тэрхэн үедээ эрх танхи
Энхрийхэн чиний үгс энэ л биений минь мөрөөдлийн гүйдэл.
1991.Улаанбаатар

ХЭЦҮҮЕЭ~


Амтыг амсахгүйгээр мэдрэх хэцүүеэ
Амьсгалахыг агааргүйгээр төөсөөлөх хэцүүеэ
Айл гэрийг тооногүйгээр босгох хэцүүеэ
Амьдралыг гуниггүйгээр өнгөлөх хэцүүеэ.
2005-12

***


Бурхантай би ярьж үзлээ
Билгийн нүдээр шүтээнээ харлаа
Өөрөө өөртөө бурхан юм байна
Өнөөх шүтээн нь би юм байна.
* * *
Хайрт чамайгаа хайрлан дурсахад
Халуун зүрхэнд нэг л сонин
Сайхан нутагаа санан дээдэлхэд
Сэтгэл сэргээд бас л сонин.
* * *
2006-1

Нулимс~~


Нулимс үүлэн тэнгэрээс орсон хур юм уу
Нуугдаж байгаад урссан сэтгэлийн горхи юм уу
эсхүл...
Шаагин орох борооноор тунасан ус юм уу
Шимширч байгаад тайлсан сэтгэлийн гунирхал юм уу.
2006-07-03

БИ~~


Үнэн худалын зааг дээр ухааралын чимээг сонордож
Үүлгүй тэнгэр,газарын завсарт насаа үйж дуусна
Нар сарны хооронд шүлэгээ тэрлэн бодлогширч
Нүгэл буяны дэнсэнд тавилангаа зовоож жаргана.
Хөх-эгшин бүлгэм
2006-09-23

ХАЙРЛАХ УЧИР~


Амьдралд хөл алдаад,хөлчхүүхэн алхах учир
Амьддаа хайрлах хүмүүн надад олон
Дурлал дарс хоёрт хордож,халамцуухан гуйвах учир
Дурлалдаа галзуурч хайрлах хүмүүн надад ганцхан.
2006-06-02

2007-11-15

ТЭНГЭРЛИГ ОРШИХУЙ~

Тэнгэрийн өнгө дээрээс буулаа
Цээж дүүртэл амьсгалж,сэтгэл нялхарлаа
Тэнгисийн их ус цалгих шиг болж
Тэнгэрийн өнгө сэтгэлийг минь будлаа
Сэмэрсэн ч бай,сэргэсэн ч бай
Сэтгэл минь тэр чигээрээ тэнгэрлиг оршном
Тэнгэрлиг байна,сэтгэл мину
Хөх огторгуйд тэнгэрлиг гэгээ гэрэлтэж
Хүний цээжний гүнд тэнгэрлиг сэтгэл оршном
Ижийн минь энгэрээс тэнгэрлиг хайр урсаж
Тэнгэрлиг оршном,би
Хөх чононоос илүү хийморьтой байж
Тэнгэрлиг жавхаанд би шунаж амьдарнам
Тэнгэрлиг байна,сэтгэл мину.
2006-05-14

2007-11-13

ШҮЛГИЙН ТУХАЙ~/бишрэл/



Сэрчигнэн үлээх салхи сэр сэрхийж хөл доорхи өвсийг илбэхүйд сэтгэл минь хөнгөхөн салхи мэт хөвсөлзөхүй яруу найраг мэтээ.Хорвоо ертөнцийн гоо сайхан нүдэнд торогдож,чихэнд сонсогдож,үнэртэж,мэдрэгдэж,хүрэлцэхүйд сэтгэл өөрөө шүлэгч болдог буйзаа.
Хорвоогоос гоо сайхныг ялган тамшаалж хүртэх нь сансар огторгуйн энерги чиг санагдахуй шүлэгч хүн өөрөө энгийн биш нь лавтайяа.
Яруу найраг нь сэтгэлээс үүдэж бодолоос ундардаг.Өнгөөр илэрхийлбэл болор тунгалаг мэт ажээ.Сэтгэл гэдэг нь өөрөө хязгааргүй,гүн гүнзгий,огторгуй мэт оршиж тэнгэрлиг хүчинг агуулж байдаг болохоор шүлэг яруу найраг нь санаашрал,тайлал,сүүрс алдалт...зэрэг сэтгэлийн хөдлөлүүдийг агуулсан байдаг.

Бороо орсоор л...
Бодол минь надтай ханьсаад л...
Үнэндээ сэтгэл минь хонхолзоод л...
Үүгээр түүгээр явax хүмүүсийн алхааг сонжоод
Үрчийлгэж шидсэн цаас норохыг харан
Дотогшоо урсаж ядах
миний бодол надтай ханьсаад л...
Бороо орсоор л байх юм
Бодол минь надаар даажигнасаар л байх юм
Үнэндээ сэтгэл минь хонхолзоод л байх юм
Үнсээд явсан танил бүсгүйн төрх бүдгэрээд
Үрчийлгэж шидсэн цаас хатахыг харан
Дотогшоо урсаж дууссан
миний бодол дарайсаар л...
Бороо орсоор л...
хэзээ зогсохыг,мэдэхийг би үл хүснэ
Бодол минь надтай ханьсаад л...
хэдийд халихыг,хэзээч би үл хүснэ
Үнэндээ сэтгэл цадсан,миний сүүрс алдалт.

Сэтгэлийн өнгө давтагдашгүй өнгө чанарыг агуулж байдаг тул шүлэгч хүн бүр өвөрмөц ертөнцийг буй болгож чаддаг билээ.Тэрхүү ертөнц дотороо шүлэгч бээр өөрөө бодитоор оршиж байдаг бөгөөд мөн шүлэгэнд нь бусдын сэтгэлийг анагаах увидас давхар оршиж байдаг буюу.

Шүлгэн дотороо би өөрөө байдаг
Өөрийнхөө тухай шүлгээн тэрлэдэг
Шүлгэн дотор минь чи минь байдаг
Чинийхээ тухай шүлгээн тэрлэдэг
Шүлгэн дотор минь аав эжий минь байдаг
Аав эжийнхээ тухай шүлгээн тэрлэдэг
Шүлгэн дотор минь эх орон минь байдаг
Эх орныхоо тухай шүлгээн тэрлэдэг
Шүлгэн дотор минь шүлэг байдаг
Шүлгийн тухай шүлэг тэрлэдэг

Шүлэг, яруу найраг бичнэ гэдэг хүн бүрийн хийх үйлс биш боловч шүлгийн ертөнцөөр аялаж,тэндээс сэтгэлийн гайхалтайяа мэдрэмжийг олж авахуй шүлэг тэрлэсэнтэй эн дүйцэхүйз үйл болно.
Хорвоо ертөнцийн бүх зүйлс,үйл хөдөлгөөнөөс үүдэн гарах болон оршиж буй бүхнээс гоо сайхныг шүүн харан хүртэхүйд сэтгэлээ чагнаж шүлэг тэрлэх үйлс нь сайн үйлс ажээ.
Хорвоогын наран мандан жаргах мөчүүд ээлжлэн эргэлдэж,цаг хугацаа улиран холдох энэхүү эгшиндээ шүлэг уншиж,тэрлэж суухуй юутай сайхан вэ?

2007-7

НЭГЭН ЕРТӨНЦ~/бясалгал/



Энэ орчлон...эгэлгүй энэ сайхан орчлонгийн гоо сайханд татагдах төгсгөлтэй аялал маань хэзээнээс эхэлсэн юм бол оо.Сав ертөнцөд үүсэж гадаад орчлонг дээрээс харах гайхалтайяа гоо мэдрэмж,хамгийн...хамгийн...гэж дуу алдмаар аниргүй тоос үгүй ертөнцөд буй болжээ.Эрдэнэт хүмүүн болж ижийгээсээ төрөхүйд хайр намайг зөөлхөн угтаж аваад алаг үрдээ хиргүй хайраа ангир уургаараа дамжуулан амлуулсан тэр торгон мөчлөгтэй үеэс хорвоогийн гоо сайхан солонго адил ээж бид 2 ын дээгүүр татсан билээ.Амгалан аниргүйн дунд оршин ижийнхээ мөөмийг амлахуйд ижийн минь зүрхний цохилт орчлонгийн хамаг сайн сайхныг дуудах шиг бас орчлонгийн гоо сайхныг сэрээх шиг түг...түг...лугшиж байсан.Зүрхний цохилтоор аугаа их хайрын мэдрэмжийг биеэрээ амсаж буй тэр агшин аниргүйн дундах дулаахан гоо сайхан байсан бөгөөд төгсгөлтэй аяллын минь хамгийн сайхан нь байсан.Эндээс ингэж л орчлонгийн гоо сайханд соронзон адил татагдах миний аялал маань эхэлсэн юм.Эцэг эхийн хайраар хүүхэд нас минь гоо ертөнцөд сүүгээр ундаалж эргэн тойрон бүх юмс үзэгдэл хийгээд үйл хөдөлгөөн цав цагаанаар оршиж орчлонгийн бүх л гоо сайхан нартай бороо шиг над дээр асгаж байсан юм.Ижийгээс минь урссан аугаа их хайрын гоо сайхан өгүүлшгүй их бөгөөд хамгийн цагаан гоо мэдрэмж билээ

Ижийн минь сэтгэл
Энэ насныхаа жаргалаар
Эгэлгүй урсаж
Эрх үрдээ цутгадаг билээ

Орчлонгийн орон зайд намайг хүн болгосон аав ээжийнхээ ач буянг юугаар ч төлж баршгүй.
Нэг...хоёр...гурав гэж тоолохын хооронд хүүхэд нас минь өнгөрч хүн болж явах юутай богинохоныг мэдэрсэн тэр үеэс л би өөрөө өөрийгөө таньж түүгээр дамжуулан орчлон дунд далдлагдсан нуугдмал ертөнц дэх гоо сайхны эрэлд орсон юм.Энэ хорвоогийн нэгэн орон зайд явагч хүн би бээр өөрөөрөө орчлонг буй болгож нэгэн өөр давтагдашгүй сондгой өнгө болон солонгорох гэсэн бяцхан бөгөөд богинохон гоо сайхныг хайх эрэл аялалаа эхэлсэн.Энэ бол мөр гарсан зам байж болно,гэхдээ миний өөрөөрөө эгшиглэх сонголт болсон юм.

БИ
Зөөлөн гуниг болж урсана
Зуурхан уйг
Зүрхээрээ зулж
Заяа ядарч дуусахад
Зовлонгоос минь үлдэж хоцрох
Зөөлөн гуниг болж урсана
БИ
Аниргүй жаргал болж урсана
Алаг өдрүүдээ
Алгаараа элдэж
Айдас минь үргэж арилахад
Атганд үлдэж хоцрох
Аниргүй жаргал болж урсана
БИ
Зүрхэндээ зулсан гунигаа
Зол гэж
Лугшиж урсах жаргалаа
Заяа минь гэж итгэнэм

Хүн гээч нь өөрөө өөрийгөө таних явдал нь цаашид гадаад ертөнц рүү тэмүүлэх хүсэл зорилго нь нэмэгдэж байдаг байна.Хүн гэдэг нэртэй өөрийгөө таниагүй ямар олон амьтан хийгээд араатaнгууд нэгэн орон зайд багталцаж,орчлонг дүүргэдэг юм бол оо
Тэд орчлонгийн гоо сайхныг энэ богинохон өдрүүддээ мэдэхгүй явсаар нэгэн үе улирах нь юутай харамсалтайяа.Тархи хоосон хийгээд сэтгэл хоосон байх нь сохор хүнтэй ижил бөгөөд орчлонгийн гоо сайхны давтагдашгүй торгон мөчлөгүүд,сэтгэл зүйн ариун сайхныг яаж олж харахсан билээ.
Хүмүүний орчлонд өөрийн ертөнцийг буй болгож,орчлонгийн гоо сайханд хүрэлцэн амьдрах нь юутай гайхамшиг.Өглөөний наран урьд урьдаxаaсаа илүү ер бусын мандаж,болжмор шувууд шүлэг унших мэт жиргэн нисэцгээх нь шинэ өдрийн гоо сайхныг магтан зарлаад хүмүүний сэтгэлийг хаа нэг тийш хөглөн уяраах илбэ шид оршин байдаг энэ орчлонд би хүн болж төрсөн минь бахархмаараа.

2007-04-19

НАМРЫН ТУХАЙ~/бодрол/



Намрын уйтай өдрүүд газар дэлхийг минь шаргал навчаараа дэвсэн хучихуй энэ
хэдий нь миний сэтгэлд танил болсон янагшин үлдсэн гуниг,гунигаараа
хөвөрсөн намрын шаргал өдрүүд ажээ.Намрын улирал гэхлээр л гунигтай
санaгддаг сэтгэгдэл нь насны минь онцлог болоод хүн эх байгаль хоёрын
хоорондын шүтэн барилдлагатай холбоотой буюу.
Намар болохоор л өнгөрөн одох цаг хугацаан доторхи үйл маань дурсамж
болоод усны шувуудтай улиран одохуйяа сэтгэлд нэгэн гунигийг үлдээдэг
ажаамуу.
Хүмүүний сэтгэл цаг хугацаатай уялдаж хувиран өөрчлөгдөхүйеэ,хүн намартаа нэг гуниж,өвөлдөө нэг тайтгарч,хавартаа нэг хөгжиж,зyндаа нэг залууждаг мэтээ.Навч шарлаад л навчис нэг нэгээрээ газарт хөглөрөхүй хүмүүний сэтгэлийг хөглөхөөс гадна өмнөх амьдралаа эргэн эргэн харж дурсах нь намрын өнгө гэлтэй.
Энэ бүхэн нь намрын улиралийн гоо сайхан хүмүүний сэтгэлд гийж байгаа нь энээ.

Намар болжээ,навчис шаргалтаад
Надаас холдох дурсамжууд өнгөө алдмyй
Шаргал наран манджээ,уулсын оройг дөнгөн ээж
Шаагин орох бороо гуниг асгамуй.
Хөл дор навчис шир шар хийгээд
Хөнгөхөн салхи нүүрийг минь илбэж
Санаанд хоцорсон дурсамж минь шаргалтаад
Сэтгэл дотор минь намар болжээ.

Намрын улиралд би дуртай.Яагаад ч юм сэтгэл минь тасран ойчих навчис лугаа хөнгөхөн хөвөөд л...гоо сайханлаг гуниг мэдрэгддэг болохоор намрын улирал сайхан.
Шаргал наран ээж өвсний толгой гандахуйд хаа нэгтээ царцаанууд цаг цаг гэж авиа гаргах нь намар болжээ гэж хэлээд байх шиг санагддаг.Намар болоход хүний бие организмыг өвөлд бэлтгэж,цаанаа сэтгэл санааг хүртэл засдаг мэтээ.Хүмүүний сэтгэл намрын улиралд илүү тайтгардаг ч юм шиг...сэрүүн салхи нь хүртэл гүнзгий амьсгаа авхуулж ,тасран ойчих навчис бүх юмны эхлэл мэт шиврэн унахуй цаанаа л гайхалтайяа.Дараа жилийн намар удахгүй болно доо,тэр үед бас цээжний гүндээ зөндөө дурсамж цуглуулаад ,гунигаар дэвсээр халуун орныг зорих усны шувууд шиг дурсамжууд минь холын холд бүдгэрэх байх даа.

2007-9

ЯЗГУУР СЭТГЭЛ~/бясалгал/



Сэтгэл санаа бодотоор оршихуйн учир шалтгаанаар нөхцөл үүдэж хүмүүний бодол санаа ба хэл сэтгэл хөдөлгөөнд орж үйл явдал болон гадаад ертөнц рүү тэмүүлэн гардаг.
Эндээс бүх гайхамшиг төрдөг ажаамуу.Дотоод ертөнц нь маш гүн гүнзгий бөгөөд түүнийг хоослохын аргагүй баян тансагаар оршиж,хэл сэтгэл ариун байхын язгуур үндэс болох булаг ундарч,хүмүүнийг гэгээрэлд хүргэх жим рүү хөтөлдөг.Хүмүүний хүсэл тэмүүллээс хөтлөгдөн үйл хөдөлгөөн болон үүсэж байгаа үзэгдэлийн гол хөшүүрэг нь язгуур сэтгэлд оршино.
Язгуур сэтгэл нь сав ертөнцөөс үүдэлтэй бөгөөд хүмүүний дотоод мөн чанарыг хөгжүүлэхэд хамгийн гол ундарга нь болдог.Хүмүүний энэ орчлонд ''НЭГЭН ЕРТӨНЦ''-ийг үүсгэж зөв бодол санаа,зөв гэгээн ухааралыг эрэн хайя гэвэл дотоод мөн чанар болох язгуур сэтгэлээ ариун гэгээлэг болгох хэрэгтэй.
Хорвоо ертөнцөд дуусашгүй гэгээ,давтагдашгүй гоо сайхан,хэмжээлэшгүй баялаг нь гоо сайхны шинжээр нуугдмал оршиж байдгын адилаар хүмүүн бидний дотоод ертөнцөд тийм л байдлаар гоо сайханлаг гэгээ нуугдаж байдаг.
Зуны сайхан шөнөөр тэнгэрт түгсэн оддыг ширтэж хэвтэх хичнээн сайханг,тунгалаг тэнгэрт үй түмэн болор тэмдэг хатгачихсан мэт дүр зургыг харж та бодлогширч үзсэн үү?Эндээс хорвоо ертөнцийн гоо сайхан урсаж хүмүүний сэтгэлийг хөглөмүй.

Би бодол бодож суунам
Бодотоор оршиж тод бодохыг хүснэм
Гүн цэнхэр далайн өнгө шиг
Гэгээрч ариусах шүлэгчийн дотогш бодол
Цэлмэг хөх огторгуйн гүн шиг
Цагаан дээр гунигаа үргээх шүлэгчийн гадагш бодол
Бодол бодож байнам,би
Бодох гэж толгой над заясан юм.
Бодол тархинд минь хуршиж
Бороо болоод сэтгэлд минь шингэнэм.
анх...
Эжийнхээ хэвлийд амар амгалан байж бодол төрсөн
дараа нь...
Эх газрын хөрсөн дээр хөлд орж бодол түшсэн
эцэст нь...
Төрсөн нутгийнхаа хэвлийд шим болж бодол минь үлдэх....
Бодлогширч байнам,би
Цээж дүүргээд тархинд ундарсан бодол
Цаг бусын амьдралд минь үнэнч
Уйтгарлаж суугаад бодолоо л хөврүүлнэм.
Цаг цагын аясанд цуварч ирэх гуниганд
Цэнхэр манан униартуулж бодол над руу айсуй
Өөрөө өөртөө үнэнч бодол
Өндөр оргилоос өндөр бодол хөвөрсөөр л....
Чимээгүй!
Би бодол бодож суунам
Бодотоор оршиж тод бодохыг хүснэм.

Хүмүүний сэтгэлд тунгалаг тэнгэр шиг гэгээтэй язгуур үндэс оршдог боловч тэнгэрээ чимэглэх гоо сайхангүй байлгах ёс суртахуун нь хүмүүний мөн чанарт харшлаж,нэг олдох амьдралаа нэг ч амьдраагүйтэй ижил утга болно.
Монгол хүмүүс бид нар яс чанарыг баримтлаж язгуур үндэс буюу язгуур сэтгэлийг чухалчилдагт учир байна.

Сувдан цагаан үүлэн дээр тэрийж суниагаад
Сайхан санаа үзүүрлэж сэтгэлээ цагааруулах гэсэн юм
Гарч хүрэмгүй уулын оройгоос тэнгэрийг алдлаж зогсоод
Гундсан сэтгэлээ дэлгэж дотроо сэврээх гэсэн юм
Мурилзан урсах мөрөн дээр хөвөн урсаад
Мулгуу бодолоо дэвтээж сэтгэлээ зөөллөх гэсэн юм
Хөлгүй энэ орчлонд тоос манаргаж сажлахдаа
Хүний сэтгэл өвөрлөж яс чанаржих гэсэн юмаа.

Орчлон ертөнцийн түмэн өнгө солонгорч түүнээс гоо сайханг амсан хүртэх нь гайхамшиг бүтээсэнтэй утга нэг бөгөөд өөрийгөө танисны эцсийн үр дүнд язгуур гэдэг үгний мөн чанар болон аугаа их хүчийг нь мэдэрмүй.
Язгуур сэтгэлээ зөв бодолоор цэнэглэснээр зөв замаар орж өөрийгөө танисны дараагаар орчлон ертөнцийн хамаг гоо сайхнаас хүрэлцэн амсах хичнээн сайхныг мэдэрч амьдрах нь гэгээлэг амьдралын эхлэл юм.
Эндээс оюун ухаанлаг хүмүүний амьдрал эхэлдэг ажаамуу.
Өндөр уулын оройгоос ширтэхүйд алсын бараа нэгэн цэгт уулзаж ил тод харагддагтай агаар нэгэн адил язгуур сэтгэлээ гоо сайхнаар услан тэтгэж хөгжүүлэх алхам нь амьдралаа гэгээлэгээр харах толь тань болно.
2007-4

ЗӨВХӨН ЧАМДАА~~/зүйрлэл/



Зөвхөн чинийхээ тухай бичмээр санагдлаа.Саяхан л үүр цайж байсан,одоо харин наран яг эгц дээр минь манджээ.Яг л үүр цайж байгаа юм шиг сэтгэлийг минь гийгүүлсээр чи минь наддаа ирсэн.
Ээжийнхээ хайраас чинийхээ хайр луу би очсон.Тийм ээ ачит наран хорвоо ертөнцийг гийгүүлж алтан цацрагууд нь амьд бүхнийг дулаацуулдаг шиг чинийхээ хайранд би дулаацаж явна.Сайн хань,сайхан хайрыг би ачит наран,алтан цацрагтай зүйрлнэм.Цаг хугацаа даанч хурдан өнгөрөх юм даа.Саяхан л мандаж байсан наран одоо дээр гарчээ.Чи бидэн хоёр бие биендээ уусалцаад чамгүй хугацааг өнгөрөөжээ,яг энэ наран лугаа их хайрыг бие биендээ өгчээ.Амьдралыг амсаж ойлгоход бэрх өдрүүд өмнө минь хөндөлсөхөд түшиг болж,өчигдөрийн урссан хөлс чинь өнөөдөр жаргал авчирна гэдгийг хайраараа ойлгуулсан чиний минь хайр сайхан.Хорвоо ертөнцийг гийгүүлдэг наран байхад эр хүний сэтгэлийг гийгүүлдэг наран хань байдаг.
Амьдралд таарах хатууг идэж сурахад тэсвэр хатуужилыг минь хатааж өгсөн чинийхээ зөөлөн хайранд би ,ачит наран жаргатал амьдрахсан.
2007-11