2007-10-28

Аз жаргалыг дуудъя~



Хоног хоногын өдөртөө
Холын холдоо гялалзаж
Зовлон зовлонгоос тунах
Аз жаргал
Зовсоны дараа ирдэг.
Харц дугуйруулах нар шиг
Заяа маань өөрөө
Хатууг идэж байж
Зүдэрсний дараа жаргадаг.
Айдас айдасыг үргээж
Аз жаргал
Алган дээр минь унадаг
Амьдрал маань өөрөө
Атирсаны дaраа тэнийдэг.
Алс алсдаа байж
Алхам алхамаар ойртдог
Аз жаргал
Алдаа онооны жимтэй
Агшуун энэ орчлонгоос
Аз жаргалыг дуудъя.
2006-12
Хөх-эгшин бүлгэм

Хувь~~



Хан мөрөн цалгиж
Хаалтаа алгадаж уурсана
Хангү хүмүүн бохисхийлгүй
Хоног хоногоор давтана
Хан тэнгэр үрчийж
Хаяандаа тултал гунина
Харь нутагын чулуунд
Харласан хувь тулна.

Хан Богд өндийж
Харавчлан санан сууна
Хараа дээшээ нутагд
Халуун сэтгэл цалгина
Хатан Туул үгүйлж
Хүүгээ бодож гиюүрнэ
Хайр шингэсэн харцанд
Хаан хувь торойно.
2006-08-14
Хөх-эгшин бүлгэм

2007-10-27

Би~~~



Барж яваа замаа
Бардам туулах гэж...
Бартаа болгоныг нь
Биеэрээ давах гэж...
Бараан орчлонгийн
Бор хэдэн хоногуудаа
Бордох гэж...
Босоогоороо амьдарч явна

Би~~~

Алхамаар хэмжигдэх замаа
Алдаагүй туулах гэж...
Адаг төгсгөл дээр нь
Айдасгүй очих гэж...
Алаг орчлонгийн
Ахар богинохон хоногуудаа
Арчлах гэж...
Ачаатай амьдарч явна
2006 oн.

~Хөх-эгшин бүлгэм~

НӨХӨРЛӨЛ~~



Би найзтайгаа итгэл сэтгэлээр нөхөрлөдөг
Бараан амьдралд хөл алдаж тээглээд
Балрах дөхөөд ганцаардаж байхад
Бага гэхгүй сэтгэлээр гараа сунгаж
Бодь итгэлээр тэнхээ нэмдэг найз
Би найзаа ингэж ойлгодог билээ.

Би найзтайгаа урам сургаалиар нөхөрлөдөг
Саад тотгорт мухардаж ядараад
Сэтгэлээр унаад гундаж явахад
Санаа бодолоор урам өгөн босгож
Саруул ухаанаар сургааль хайрладаг найз
Би найзаа ингэж ойлгодог билээ.

Би найзтайгаа гуниг зовлонгоор нөхөрлөдөг
Ганхаж бүдчин зовж шаналаад
Гундуухан амьсгалан уйтгарлаж суухад
Гагцxүү миний анд хамтдаа гуниж
Гарыг минь атгаад цугтаа зовдог найз
Би найзаа ингэж ойлгодог билээ

Би найзтайгаа баяр жаргалаар нөхөрлөдөг
Агаар нэгэн андын итгэл нийлээд
Амжилт дүүрэн баярт мөчүүд ирэхэд
Амьдрах сайхан гэж хөөрөн баясцгааж
Адилхан итгэл сэтгэлээр жаргадаг найз
Би найзаа ингэж ойлгодог билээ
Би найзтайгаа сэтгэл зүрхээрээ ойлголцдог билээ.

2006-06-02

ААВДАА БИЧСЭН ЗАХИДАЛ~~



Харьд суугаа хүү тань
Холын хол Солонгос орноос
Хөвөн цагаан үүлсийн дээгүүр
Хүрч очих хийморьтой ерөөлийг өргөн дэвшүүлье!
Хайрт аав таныгаа санасан
Халуун сэтгэлийн гүнээс мэндчилье!
Хамаг амьдралын минь сүлд болсон
Хөгшин буурал аав Та амар байна уу?
Шиврэх энэхүү шүлгийн мөрүүдээр
Ширхэг эс болон тандаа нэвчье
Эрхэм аавдаа бичих захиагаар
Эгшиг аялгуу болон уянгалъя
Чин сэтгэлийн үгээ сонсож
Чимэг болох мөрүүд нэмээд
Чагнан суух аавынхаа сэтгэлд
Чадах чинээгээрээ бичиж явууллаа.

Намайг дулаацуулах нар энд ховорхон
Налайн сүүмийх уулс нь дүнсгэр
Нөмрөн хучих тэнгэр нь бүрхэг
Нэрлээд суух од мичид цөөхөн
Нүүдлийн шувууд буцдагийн адилаар
Нартай нэгэн өдөр гэртээ харина аа
Нэг биш хэдэн жил
Нутгийнхаа нарыг санасан
Нарлаг Монголынхоо наадмыг
Нулимс унаган дурссан
Нууцхан тандаа хэлэхэд
Нийслэл хотоо зүүдэлсээн
Тосоод авах хүнгүй
Төрөл садан үгүй
Туулах зовлон ихтэй
Тусгай бүлэгт хамаарч
Түгшүүр тээсэн амьдралтай
Төсөөлөн бодсоноос ондоо
Тэсэх тэвчээр шаардсан
Тийм л нэгэн оронд
Түвшин жаргалыг зүүдэлж
Тухгүй амьдралыг туулж байна
Аав аа! хүүдээ санаа зоволтгүй ээ
Алдаа оноотой энэ л хорвоод
Аавынхаа бийд
Амьдрал үзье дээ хүү нь
Архи ууж адаг болоод
Арчаагүй болж гэртээ харьсан нь зөндөө
Аливаа нөхцөлтэй ажлыг
Адил найзуудын хамтаар
Амрах цагаа хугаслаж
Амархан хийж сурлаа
Амьдралд таарах амттанг
Амталж шимж сурлаа
Алаг хорвоогийн өнгийг
Аанай л ялгаж сурлаа
Амьдралын минь сүлд болсон
Аав тандаа хүү нь хайртай
Амьдрал хэмээх амттанг
Асгаж үзээгүй ээ
Атга хөлсөө цуглуулаад
Асарч тойлно оо аавыгаа
Санах зүрхний угаас
Сийрэг цохилтоор ундарсан
Сэтгэл нулимс хоёроо
Саяхан хүртэл барьсаан
Хүү нь танаараа үлгэрлээд
Хүч тамир аван хөдөлмөрлөж
Хангу хүний мөсгүй чанарыг
Хайхрах зүйлгүй давах юм.
Нутгийн нарныхаа илчийг шингээсэн
Нуган биенийхээ энэ л илчээр
Харь нутгийн зэврүүн агаарыг
Халаглах юмгүй туулах юм.
Хүйтэн биш ч энд зэврүүн байна
Хангу хүний чанар
Хог юм аа ,аав аа
Харь нутгийн хүн гэж
Хараалгаж загнуулж адлуулж үзсээн
Тэглээ гээд гутарч алхсангүй
Тийм үг хэллээ гээд санаа бодсонгүй
Тэнэг ааштайд нь гайхаж явлаа
Тааруухан санаатайд нь өрөвдөж байлаа.

Мөнхөд энд байхгүйг
Мэддэг болохоороо би
Мөрөөдөл хүслээ барин зүглүүлж
Мөдхөн очиж золгохын тулд
Маш ихэд хөдөлмөрлөж байна
Хатуу бүхнийг хийж
Хатуужил гэх эрдмийг
Хүч оюунаа ашиглаад
Хичээнгүйлэн суралцаж мэдлээ
Хугацаагүй хөдөлмөрийн албанд
Хар хүн болж
Хоног алдахгүй
Хойш тавилгүй
Хугацаа бүхнийг хожиж
Хайрт буурал аавдаа
Хэзээд очиход бэлэн
Хүсэлдээ хүрч золгохын тулд
Хэцүү бүхнээс шантралгүй
Хурдан хурдан хийгээд
Хөлсөө хурааж чадлаа
Буянтай буурал тандаа
Бахархах сэтгэл төрүүлэм
Бат амьдралыг босгох
Баатар биш ч
Байгуулагч болоод
Бүтээлч Солонгос орноос
Босгох эрдмээс суралцаад
Бүр мөсөн очно оо
Бараг харих дөхсөн ч
Будаа идэж ус уугаад
Бэрх бүрийг амталж
Бэрхшээл бүхэнд шургалаад
Болхи энэ биеэ
Бүрэн төгс боловсруулж
Буурай Монгол улсаа
Бэхжүүлж хөгжүүлэхэд нэмэр
Сүлд нутгаа дээдлээд
Сайн хийморьтой явна
Сургаал үгийг тань санаад
Сайхан санаа үзүүрлэнэ
Сэрүүн өлгий нутгаа
Сэргэж нэг санана
Зүрхэн нэг аавыгаа
Зүүдэлж хононо би
Зүрхнээс ундарсан санахуй
Зүгээр ч үгүй догдлуулсаар
Судас биеэр дамжаад
Сэтгэл санаанд шингэнэм
Элэгнээс уягдсан сэтгэл
Ээдэрч зогсолгүй уяраасаар
Тархи оюунаар дамжаад
Танд надад шингэнэм.

Элдэв хөдөлмөрийн амтыг дэлгээд
Эрхэм аав тантайгаа золгоё.
Эдлэх жаргалаас өвөртлөн очоод
Энгэрээрээ тэврэлдэж учран золгоё.
Сонсгох эгшиг аялгуун мөрүүдээр
Санасан сэтгэлээ хурлуулж буулгав
Сайн сууж байхын ерөөлийг өргөж
Солонгос улсаас хүндэтгэн ёслов.
Даарах сэтгэлд минь илч нэмсэн
Даах нуруунд минь хүч нэмсэн
Давах амьдралд минь хайр нэмсэн
Дал гарсан аавдаа
Далай тэнгисийг туулан очих
Жаргалан.
2006-01-07 Seoul oн.

2007-10-26

ХАН МӨРӨН~



Хөх тэнгэртэй минь адилгүй ч
Хан тэнгэр энд оршном
Хан мөрөн энд урсаж
Хатан Туулыг минь санагдуулнам
Хааяахан очих дуртай
Хан мөрөнд
Хүслээ шивнэж,бодлоо сойдог
Хариу болгож өвгөн мөрөн
Хишгээ өгөх лүгээ цалгин бaйдaг.
2006oн

Намрын навч шиг...



Сэтгэл хөдөлгөж байсан зун ногоон өнгөө алдан гандаж
Саглагар байсан модод навчисаа гээсээр нүцгэрчээ
Хайраар бялхаж байсан хосын жаргалтай мөчүүд
Халуун намрын навчис дэвссэн өдөр дурсамжыг үлдээжээ.

Цаг хугацааг улиран холдуулах намар
Цэнхэр гунигаа тээсээр зуныг үдлээ
Бүтэн байсан залуугын зүрхийг таллаад
Бүтээгүй хайрын домогыг нэгээр нэмээд явлаа.

Намар намрын бороонд гуниг хөвөлздөг дөө
Намар намартаа нэгэн дурсамж үлддэг дээ
Эргэн учирахыг залуугын зүрх сэтгэл хүсэвч
Эргэхгүй болсон дурлал сэтгэлд нь навч шиг унажээ.

2007-9

Нэгэн намрийн тухай уран зураг хараад сэдэвлэв.

Уйтгар дагасан гуниг~



Уйдаж ганцаардахад сэтгэл гэгэлзэнэ
Удаан гунихад бодол цөхөрнө
Учиргүй ганьхархад өөрийгөө танина
Уйлж дуулахад онгод гийнэ
Уйтгар дагасан гунигийг ингэж би харлаа.
2005-11
Хөх-эгшин бүлгэм

Цагаан сэтгэл угжиж хүн биейиг олсон~~



Зүрхэн нэг уяасаар аав эжий минь холбогдоод
Заяа төөрөгөөр би нуган биейиг олжээ
Замбуутивийг уярааж баяр баясгаланг дагуулаад
Зүлэгээр дүүрсэн хорвоог гишигчиж өссөн юмаа.
Залбирал шүтлэгийн дор өсөн торнихдоо би
Зовлон бэрхийг мэдэлгүй эхийн хайраар хучуулж
Зүүдэн шөнийн үлгэрт биширч торнисон юм.
Цагын эргэлтэнд захирагдах хүний эсийг олохдоо
Цагаан сэтгэл угжиж хүн биейиг олсон
Цэнгэг хайрын цэцэрлэгт дураар минь өсгөхдөө
Цэлмэг цайлган сэтгэлээр бүүвэйлж торниулсан юм.
2006-2
Хөх-эгшин бүлгэм

Өөрийн бизнэсээ эхэлцгээ~~



Өнөөдөрийнх шиг тааламжит үе
Өнгөрсөн жилүүдэд байсангүй
Өсөж дэвжихийн тулд
Өөрийн бизнэсээ эхэлцгээ

Бодол санаагаа чиглүүлж
Болчимгүй алхам хийлгүйгээр
Байр сууриа батадгаад
Боломж бүхнийг ашиглацгаа

Тархи оюунаа ажиллуулан
Таатай нөхцөлийг бүрдүүлж
Тавьсан зорилгодоо хүрэхдээ
Төгс төлөвлөгөөг зохиоцгоо

Давж баршгүй саадуудыг
Дадлага болгон ашиглаад
Дууриах үлгэрлэл болж
Дэгжих бизнэсээ бүтээцгээ.
2005-12-01
Хөх-эгшин бүлгэм

МӨНГӨ,ХҮМҮҮСЭЭ~~



Өөр өөрсдийхөө карьерийг хөөж
Өр зээлгүй амьдарч сурцгаая,хүмүүсээ
Энэ тэр үзэл бодолоос сонголт хийж
Энэгүй зөв сонголтыг бодож сурцгаая,хүмүүсээ
Үхэн үхтлээ мөнгөний тэмцэлд нухлуулж
Үр хүүхэддээ төлбөрийн шаардах үлдээлгүй
Үүрдийн хүсэл тэмүүлэлтэй алхаж сурцгаая,хүмүүсээ
Хамаг амьдралынхаа туршид
Хангалттай хэмжээний мөнгө олж сурцгаая,хүмүүсээ
Мөнгө, мөнгө,мөнгө гэдэг бол хүч чадал
Мөнгөгүйгээс болж хүн чөтгөрийн урхинд орж
Миний,чиний,бидний хувьд санхүүгийн сул дорой
Маш харамсалтай амьдрал бий болно.
Бүгдээрээ баяжих ухаанд суралцацгаая,хүмүүсээ
Бусдаас хамааралгүй амьдралыг буй болго
Мөнгө хэрхэн өсөж үрждэгийг мэдэцгээ,хүмүүсээ
Мөнгийг яаж ажиллуулж,ашиглахыг сурцгаа,хүмүүсээ
Мөнгөний төлөө бид ажиллахгүй
Мөнгө бидний төлөө ажиллах ирээдүй буй,хүмүүсээ
2004-12-13
Хөх-эгшин бүлгэм

ХҮҮДЭЭ БИЧСЭН ЗАХИДАЛ~~



Хүүхэд насыг минь санагдуулсан
Хонгор хүү минь сайн байна уу?
Холын холоос санан суух аав ээж нь
Хайрлан санахын сэтгэлийн сацалаар
Хөөрхөн алаг үрийнхээ амрыг эрье!
Хүү чамдаа энэ л захиагаараа
Хүсэл тэмүүлэлтэй сурахын ерөөлийг
Хамгаас хайрт хүүдээ өргөн баръяа.
Хэлж захих сэтгэлийн элч болгож
Хүргэх энэхүү шүлэглэсэн захиагаа
Хүлээн суугаа хүүдээ дугтуйлж илгээлээ.

Булбарай хөөрхөн хүүгий минь
Балчир байсан мөч болгон нь
Бодолд минь эргэн санагдаад
Бантан зооглоод унтаад өгдөг нь
Бүүр сэтгэлд минь үлджээ.
Товор товор алхлан ирээд
Том гарын минь чигчий хурууг
Алдрайхан хүү,чиний бяцхан гар
Атгаа дүүртэл барьж дагаад явдаг нь
Саяхан л юм шиг санагдах юм.
Сар жилийн уртад хүүгээ
Санан бодож,хайрлан энхрийлээд
Солонгос улсад ажиллаж амьдрахдаа
Сэтгэл зүрх хоёртоо зураглаж явна.

Амь биенээс минь тасарсан дусалдаа
Аав нь хамгаас хайртай
Амьдралын минь галыг манах оч болсон
Алаг үрээ бүхнээс дээдэлнэ.
Амьдралын энэ түр түлхэлтэнд
Ажилаа хийгээд хөлсөө хураахдаа
Аав нь хүүгээ санан хайрлаад
Алаг үрээрээ тэнхээ авдаг юм.
Хотын сайхан гудамжаар гурвуулаа
Хөл нийлүүлэн алхаад
Жаргалтай сайхан халуун бүл
Жаргаж байгааг
Үүр шөнийн заагаар хүү минь
Үнэгчилэн зүүдэлснийг чинь аав нь мэднээ.

Эгдүүтэй байсан тэр л өдрүүдэд
Энхрий хүү чамайгаа дагуулаад
Эрхлэж наадах ясли цэцэрлэгт нь
Хүрэж өгөөд очиж авахыг
Хүсэж байсан юм шүү
Харин одоо миний хүү
Хөвгүүн болж сургуульд оржээ
Дэлхий эргэсээр хүү минь өсөхөд
Дэргэд чинь аав нь байгаагүй ч
Дэрсхэн хүү чамайгаа хөтлөн
Дүүрэн сэтгэлээр хайрлан үнэрлэхийг
Дэндүү ихээр хүсэж мөрөөдсөн.

Өөдөсхөн байсан миний хүү
Өөдөө өсөж том болжээ
Өнгөрсөн бүхнээс зураглан бодоход
Өхөөрдөм хүү минь харагдах юм
Атгахан зүрхэнд хүү минь чи
Алив бүхэнтэйгээ багтдаг болохоор
Ажил хийгээд ядарахгүй байна
Амьдралын минь ирээдүй гийж байна
Одоо миний хүү удаан хүлээхгүйг
Орчлонгын нар цацруулж хэлнэ дээ
Одоохон хүү дээрээ очих дөхсөнд
Омголон зүрх минь догдолж эхэллээ.
Алхах алхам маань эргэснийг бодвол
Амар жаргах цаг нь болжээ
Ажилаа дуусгаад очих болохоор
Аавдаа санаа бүү зовоорой.

Удаан уулзаагүй болохоор
Уртаар найраглаж захиа бичлээ
Ургаж гарсан бодолоо
Унжуулж шүлэглээд уянгалуулж бичлээ
Улам санах сэтгэлийн уяралаас
Уран үгс униар татууллаа
Удахгүй учиран золгох болохоор
Уйдан санааширч болохгүй шүү
Санасан сэтгэлээ мөрлөж бичээд
Сэтгэл сэргээд сайхан боллоо
Хайрт хүүтэйгээ уулзах мөч
Хамгаас дотно байх болно.

За,ингээд захиагаа өндөрлөе
Зөндөө ихэд боддогоо бичлээ
Замд гарсан өдөр холдоод
Золгож уулзах цаг ойртжээ.
Амь биений минь тасарсан дусалдаа
Аав нь хамгаас хайртай
Амьдралын минь галыг манах оч болсон
Алаг үрээ бүхнээс дээдэлнээ.

2006-01-23 Seoul

2007-10-25

ГУНИГ~



Зөөлөн шиврэн шиврэх бороон дусалууд
Заримдаа боловч уйдааг минь нимгэлэхгүй
Хаялан унах цав цагаан цасан ширхэгүүд
Хаяа боловч уйтгарыг минь тайлахгүй
Аяар аяархан дөхөх гансрал амьдралын сүүдэр
Зуур зуурхан ирэх ганьхарал сэтгэлийн өнгө
Зөндөө ихэссэн гуниг зузаарч нэмэгдэхгүй ээ.
2005-12
Хөх-эгшин бүлгэм

Бөн бөн бүүвэйлэгдэхийг хүссэн юм



Чи мэдэхгүй би ч үл мэдэх тэнгэрийн орон руу
Чимээгүй харах чамайг,хайр дурлалтайгаа
Чин сэтгэл,oй тойнд үлдсэн бүх амьдралаа орхиж
Чанад гүний гүн рүү халихийг хүснэм
Үнэн бүхэн хүсэл мөрөөдөлөө зүгээр л хийсгээд
Үргэлжийн мөнх бус энэ хорвоогоос халъя.
Үндэс язгуур ,Монгол нэрээ суваргалаж үлдээгээд
Үүрдийн биш энэ эсэн биейиг тэнгэр орондоо тахъя.
Үүлэн чөлөөнөөс гэрэлтэн гийх гэгээн гүн рүү
Үзүүр гялсхийх хурдаар халихыг хүснэм
Элдэв жаргал,элбэг дэлбэгээр цэнхэртсэн энэ л тэнгэрийн оронд
Эвий миний хүү гэх эжийнхээ хоолойг сонсоод
Энхрийлүүлэн бөн бөн бүүвэйлэгдэхийг хүссэн юм
Би үхэвч Монгол улс мөнх гэх өвөг дээдэсийнхээ
Босоогоороо халин хамгаалсан эцсийн цавчилтын алдаруудыг
Байлцаж байж өөрсдөөс нь сонсохыг хүссэн юм.
2006-1
Хөх-эгшин бүлгэм

ЯНАГЫН ЧИМЭЭ~~



Гуниг үргээсэн эгшиг аялгууг сонсоход
Гандсан сэтгэлийг чийглэх шиг боллоо
Дотор сэтгэл рүү янагын чимээ урсахад
Дурлаж байгаагаа мэдэрч байна,би
Янзын сайхан хайрын чимээ сонсголон
Ямагт дурлалцах хосын царай жаргалан
Янаг дурлалын аялгуу хорвоод эгшиглэн
Ялдам чиний сэтгэл надад чимэглэн
Чиний минь сэтгэл наашаа тэмүүлж
Чин зүрх лүү минь урсан орлоо
Чимэгтэй урсах хайр дурлаыг тань
Чагнаж дурлаад хүртэж байна,би
Янзын сайхан хайрын чимээ сонсголон
Ямагт дурлалцах хосын царай жаргалан
Янаг дурлалын аялгуу хорвоод эгшиглэн
Ялдам чиний сэтгэл надад чимэглэн
Энэ хайрын эгшиг аялгуун урсгалан
Эрс хатуужсан сэтгэлийг зөөллөжээ
Эмзэг хайрын чимээ энгэрийг минь тэмтчээд
Эцэсгүй урсахыг сонсож байна,би
Янзын сайхан хайрын чимээ сонсголон
Ямагт дурлалцах хосын царай жаргалан
Янаг дурлалын аялгуу хорвоод эгшиглэн
Ялдам чиний сэтгэл надад чимэглэн
2006-03-07
Хөх-эгшин бүлгэм

2007-10-22

Чимэг дээ~




Уул мэт ноён нурууг уяхан сэтгэлээр уяж
Улс түмэн ,сүлд нутагаа дээдэлсэн
Уудам тал шигээ ханагар
Унаган Монгол эрсийн ухаан чимэг дээ

Хаан хүний хатан байх заяанд төрөөд
Хацар гоогоороо хорвоог чилээрхүүлж
Хатууг давж,хүлээх ч тэсвэртэй
Хөх үжин Монгол эмсийн хайр чимэг дээ

Танан цагаан гэрээ цугтаа сүндэрлүүлээд
Тэгш бус амьдралыг тэврэн хувааж амталсан
Тоотой насны жаргалыг хос биендээ шингээж
Тоостой бас цэнгэг хорвоод бие биендээ чимэг дээ.
2006-4
Хөх-эгшин бүлгэм

2007-10-21

Яруу найраг~та




Сэтгэл сэргээсэн хөгжмийн ая шиг
Саатуулж уяраасан яруу найрагын эгшиглэнд
Саруул хорвоо бид хоёул уярч
Салхи биднийг тойрон бүжиглэнэ
Сайхан шүлэгний охьнд согтоход
Сарнай цэцэгсийн өнгө тодорч
Сартай шөнийн уужим тэнгэрт
Сувдан одод сацран гялтагнана.
Аяа!яруу найрагаа,та
Алтан дэлхийн хаанаас ирээд
Агаарт салхи болон юуг эрнэв.
Аргадаж намайг эргүүлээд байна уу?
Аялах шүлэгээрээ согтоогоод байна уу?
Аглаг талыг сэрээж үлээсэн
Аугаа шүлэгээ шивнэн байна уу?
Аяа!яруу найраг таны
Аялгуу шүлгийг тань шимтэн сонсож
Аяархан шивнэх сэтгэлийн охио
Аргагүй тандаа өргөн барьж
амталж шимээд хундага тулгая.
Аяа! яруу найрагаа гэж...
2005-12-13
Хөх-эгшин бүлгэм

2007-10-20

ДУРЛА,ХАЙРЛА



Янагхан минь дурла,хайрла
Янагш зүрхэнд минь дарс дар
Яруухан бүлбэрэх дурлалын дарс жүнзэл
Би амсая...

Дурласан зүрхээрээ намайг хайрла
Дулаахан дурлал дээр тарвалз,зүүд мэт эрхэл

Янагхан минь дурла,хайрла
Жиндэж даарсан зүрхэнд минь дарс дар
Жимс амтагдах дурлалын дарс хундагла
Би хөнтрөе...

Өр зүрхээрээ намайг хайрла
Өдөн дурлал дээр тарвалз, зүүд мэт эрхэл

Янагхан минь дурлал хундагла
Дусал дусалаар ханатлаа эдэл
Ялдамхан бие хаагаа янагын халуунд сэрээж
Дур тачаалдаа дурлалын амтыг мэдэр.

Янагхан минь дурла,хайрла
Янагш зүрхэнд минь дарс дар
Яруухан бүлбэрэх дурлалын дарс жүнзэл
Би амсая,хөнтрөе...

2006-12

ЗҮҮД~~



Зайсан толгойн өндөрийг
Замагт голын тунгалагтай нь
Захгүй эх нутагаа
Богд уулын үнэртэй нь
Борхон балчир хүүгээ
Болжмор шувуудын жиргээтэй нь
Хүртэж ядан,хүсэмжлэн санан зүүдэллээ дээ

Хүлэг морьдын хурданыгаа
Хайр шингэсэн чамтай
Нутагын салхины сайхантай нь
Нуган балчир хүүгээ
Унасан газрын чулуутай нь
Учралын сайхан ерөөлөөр
Харан ядан,хайрлаж хүртэн зүүдэллээ дээ

Хайрт чи минь хүүтэйгээ
Нутагын бул чулуутайгаа
Нойрон дунд минь хүрээд ирлээ гэж үү.
1999 он
Хөх-эгшин бүлгэм

ЖАМУХЫН ӨЧИЛ


Хөх чонын удамт анд мину,намайг бүү өршөө
Хөхөлбөр хангай уулс минь чамайг ажаад
Хөх тэнгэрийн өнгийг чам дээр л унагаадаг
Андгай тангараг өргөж анд бололцохдоо
Ав хийн амьтанаас цус урсгаж анд бололцсон билээ
Адил заяанд төрөөд ,төөрөлдсөн намайг уучил
Алаг зүрхээр минь хөх тэнгэрийг тахиарай
Бүлээн шингэн цусаар минь газар дэлхийг тахь!
Эцсийн боловч энэ үг!минийх
Эрэлхэг байгаад уравсан намайг бүү өршөө....
Чингисийн бодол
Сайн анд байсан юмсан
Сар нарыг зэрэг мандааж болдоггүй юм байна.
Нударга чангарсан нөхөрлөл байсан юмсан
Нулимс инээд хоёрыг хутгаж болдоггүй юм байна.
Анд чиний зүтгэл өөрт чинь үнэн
Андгай тангараг өргөж анд бололцсоныг чинь бодож
Амийг чинь авч өршөөе дөө...
Хөх тэнгэрт халих шонхор болон ирээд
Хөх чоно мэт хийморьлог яваарай,анд мину
2006-05-16
Хөх-эгшин бүлгэм